ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЖ, ТУРШЛАГА СУДЛАВ


Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Нидерландын Хаант Улсын Гааг хотноо байрлах Олон улсын эрүүгийн шүүх (ICC)-д зочилж, тус шүүхийн бүтэц, үйл ажиллагаа, олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагатай танилцжээ.

Төлөөлөгчид Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Томоко Аканэ болон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нартай уулзаж, шүүн таслах ажиллагааны онцлог, Монгол Улсын хуулийн  байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна. Энэхүү уулзалтад Олон улсын эрүүгийн шүүхэд 2006 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллаж буй Н.Орчлон мөн оролцжээ. 

Уулзалтын үеэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч, прокурорын оролцоо ямар зарчмаар хэрэгждэг, талуудын эрх тэгш байдлыг хэрхэн хангадаг, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх ажиллагааны онцлог, хугацаа болон практикт тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Олон улсын шинжтэй, хэд хэдэн улсын нутаг дэвсгэрийг хамарсан гэмт хэргүүдийн хувьд нотлох баримт цуглуулах ажиллагаа урт хугацаа шаарддаг бөгөөд гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, олон хэл дээрх материалуудыг боловсруулах зэрэг асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлдөг байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн танхим нь Урьдчилсан шатны танхим (Pre-Trial Chamber), Анхан шатны танхим (Trial Chamber), Давж заалдах шатны танхим (Appeals Chamber) гэсэн бүтэцтэй ажилладаг аж.

Урьдчилсан шатны танхим нь шүүхийн харьяалал тогтоох, баривчлах захирамж гаргах, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд олон улсын улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бус шүүхийн хяналтыг бий болгох зорилгоор энэхүү тогтолцоо бүрэлдэн хөгжсөн талаар Шүүгчдийн танхимын Хууль зүйн ажилтан Боланле Олупона танилцуулгынхаа үеэр хэлсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүн тасалсан Нюрнбергийн шүүхийн туршлага нь байнгын ажиллагаатай Олон улсын эрүүгийн шүүх байгуулах суурийг тавьсан бөгөөд улмаар Ромын дүрэм батлагдаж, 2002 онд Олон улсын эрүүгийн шүүх үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Одоогоор Ромын дүрэмд 124 улс нэгдэн орсон бөгөөд тус шүүх нь геноцидын гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг гэсэн олон улсын хамгийн хүнд дөрвөн төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгаж, шүүн тасалдаг байна.

Шүүхээс гаргасан баривчлах захирамжийг гишүүн улсууд хэрэгжүүлэх үүрэгтэй боловч зарим тохиолдолд улс орнууд уг үүргээ биелүүлэхгүй байх нөхцөл байдал үүсдэг аж. Ял шийтгүүлсэн этгээдүүдийн хорих ялыг Олон улсын эрүүгийн шүүх өөрөө хэрэгжүүлдэггүй,  хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гишүүн орнуудын хорих байгууллагад эдлүүлдэг байна.

Олон улсын эрүүгийн шүүх жилд дунджаар 2-4 томоохон хэрэг шийдвэрлэдэг боловч эдгээр хэрэг нь хэдэн зуу, зарим тохиолдолд хэдэн мянган хохирогч, гэрчийг хамарсан байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон жил үргэлжлэх тохиолдол байдаг аж. Мөн шүүхийн ажиллагаанд олон улсын оролцогчид оролцдог учраас орчуулга, хэлмэрчийн үйлчилгээ шүүхийн бүхий л шатанд шаардагддаг, энэ нь ажиллагааны хугацаа болон зардалд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Түүнчлэн яллах тал нотлох баримтаа бэлтгэхдээ тодорхой хугацаа зарцуулсан бол өмгөөлөх тал мөн адил хугацаа, боломж эдлэх эрхтэй бөгөөд энэхүү зарчим нь талуудын эрх тэгш байдлыг хангах үндсэн баталгаа болдгийг онцолсон юм.

Олон улсын эрүүгийн шүүх байгуулагдсанаас хойш хэд хэдэн хэрэгт цагаатгах шийдвэр гаргаж байсан бөгөөд Зааны ясан эрэг улсын болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай холбоотой зарим хэргүүдийг жишээ болгон дурдсан байна.

Төлөөлөгчид мөн Шүүхийн хамтын ажиллагааны ажилтан Руфина Хуснияроватай уулзаж, “Judicial Cooperation: Challenges and Opportunities” сэдвээр мэдээлэл сонсжээ.

Уулзалтын үеэр Олон улсын эрүүгийн шүүхийн Тамгын газар нь шүүн таслах ажиллагааг хараат бус, шударга, үр ашигтай явуулахад шаардлагатай бүхий л техникийн болон зохион байгуулалтын дэмжлэгийг үзүүлдэг талаар танилцууллаа. Тус шүүхийн албан ёсны хэл нь англи, франц бөгөөд шүүх ажиллагаанд оролцогчдын хэл дээрх баримт бичиг, мэдүүлэг, нотлох баримтыг албан ёсны хэл рүү орчуулах, хэлмэрчээр хангах ажиллагааг Тамгын газар хариуцан ажилладаг аж.

Өмгөөлүүлэх эрхийг хангах хүрээнд өмгөөлөгчдийн бүртгэл (List of Counsel)-ийг хөтөлж, шаардлага хангасан өмгөөлөгчдийг бүртгэн ажилладаг ажээ. Хохирогч, гэрчийг хамгаалах тусгай нэгж ажилладаг бөгөөд мэдүүлэг өгөх үед дүрс болон дуу хоолойг өөрчлөх, зайнаас мэдүүлэг авах зэрэг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг байна.

Зарим тохиолдолд гэрч, хохирогч болон тэдний гэр бүлийнхэн эх орондоо эрсдэлд өртөх магадлалтай гэж үзвэл гуравдагч улсад түр болон байнгын байдлаар шилжүүлэн байрлуулах арга хэмжээ авч хэрэгжүүлдэг, энэ хүрээнд улс орнуудтай тусгай гэрээ байгуулан хамтран ажилладаг аж.

Одоогийн байдлаар Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан 30 гаруй баривчлах захирамж хэрэгжээгүй байгаа бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд НҮБ болон гишүүн орнууд шүүхийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладгийг танилцуулгын үеэр онцолжээ.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01