Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний хорооны дэргэдэх Ногоон бүс хариуцсан дэд хорооны VII хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдөр болов.
Хуралдааныг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд, Ногоон бүс хариуцсан дэд хорооны дарга С.Энхболд нээж, бэлтгэл ажлын явц, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хуралдаанд ногоон бүсийн төлөвлөлтийн шинэ санал, шийдлүүдийг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргав. Мөн COP17 Үндэсний хорооны дэргэдэх Бодлого төлөвлөлтийн дэд хорооноос бодлогын чиглэл, зохион байгуулалтын мэдээлэл танилцууллаа.
Ногоон бүсийн дэд хорооны бүрэлдэхүүнд идэвхтэй ажиллаж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох агентлагууд, Шинжлэх ухааны академи-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Бизнесийн зөвлөл, ТоС Холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Оролцогчид бага хурлын хүрээнд байгуулагдах Ногоон бүсийг олон улсын стандартад нийцүүлэн, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан эко орчин болгон төлөвлөх, үндэсний онцлогийг тусгасан ногоон байгууламж бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төлөвлөлтийн шийдлийн хэрэгжилтийг хангах чиглэлээр санал, байр сууриа илэрхийлэв.
COP17 бага хурлын Ногоон бүсийг амжилттай хэрэгжүүлэхэд талуудын уялдаа холбоо, салбар дундын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой болохыг хуралдаанд оролцогчид тэмдэглэв.
Ийнхүү COP17-ын бэлтгэл ажил шат дараатайгаар урагшилж, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоог ханган үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна