Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.12.24/ захирамж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг томилсон.
Энэхүү томилгооны дараахан Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний албан үүргийг түр хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир гүйцэтгэх бөгөөд удахгүй шинэ даргыг томилох аж.
Б.Энхбаяр мөн өчигдөр орой өөрийн цахим хаягтаа УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг авлигын хэрэгт яллагдагчаар татсан гэж бичив.
Тухайлбал "Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй." гэсэн байна.
Шинэхэн Хууль зүй, дотоод хэргийн сайд цаашид юу хийх нь олны анхаарлыг татаж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна