ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТЛАВ


Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2024.12.26/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨК-ийн 48 мВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 мВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50мвВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 198 мВт, дулаанаар 585 гига килокалори/цаг хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулж, тус станц Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг, нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус хангадаг гэлээ. Өвлийн улиралд ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөл болохыг сайд онцлоод, энэ эрсдэлийг бууруулахын тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Засгийн газар тус станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан бөгөөд эхний үе шатад цахилгаанаар 50 мВт-ын, дулаанаар 100 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих, хоёрдугаар үе шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын станцыг буулгаж суурин дээр нь цахилгаанаар 250 мВт-ын, дулаанаар 400 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих төслийн зургийн ажлыг хийж гүйцэтгэх юм.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг тус станцыг өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг илэрхийлсэн бөгөөд мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “ДЦС 3” ТӨХК болон “Интер Ровэ Экспорт” компани хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. “Интер РАО Экспорт” компани төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж 2022 оны есдүгээр сард “ДЦС 3” ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна. Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж харилцан зөвшилцжээ. Монгол Улсын Засгийн газар энэ оны наймдугаар сард хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой зөвшилцсөн бөгөөд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 48 дугаар захирамжаар уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгосны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу энэ оны есдүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрт төслийн зураг төсөл боловсруулах инженерийн судалгаа шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар “ДЦС 3” ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын “Интер РОА Экспорт” компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг баримтлан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод уг асуудлаар санал дүгнэлтээ ирүүлснийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж, санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзсэн байна. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Н.Алтаншагай, Х.Болормаа, Ч.Анар, Б.Батбаатар нар хуулийн төслийн талаарх ойлголтыг иргэд олон нийтэд зөв өгөхөд анхаарах, Сингапурын арбитр хэлэлцээрийн аль эхийг албан ёсны эх хувь гэж үзэх, төслийн өртгийн талаар, Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны өнөөгийн байдлын талаар, төслийн хэрэгжих хугацаа, үр дүнгийн талаар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин, Х.Болормаа, Б.Жаргалан, Ч.Анар, Г.Хосбаяр, Г.Тэмүүлэн нар цаашид эрчим хүчний салбарын үйл ажиллагааг сайжруулах, эрчим хүчний хангалтгүй байдлыг анхаарах зэрэг асуудлаар үг хэлсэн байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хоёр хөрштэйгөө харилцах харилцаагаа манай улс эн тэнцүү сайжруулах шаардлагатай байгааг чухалчилж, 20 сая ам.долларын зураг төслийн хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир эрчим хүч, нефть шатахуун зэрэг зарим чухал бүтээгдэхүүнээр ОХУ-аас хамааралтайг сануулж, энэ хамаарлыг арилгах, Эгийн голын усан цахилгаан станцын төслөө урагшлуулахад энэ хамтын ажиллагаа чиглэх учиртай гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл ОХУ-ын эрчим хүчний технологийн хөгжлийн түвшин, ашигт үйлийн коэффициент ямар байгаа талаар асууж, станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендер зарлаж шийдвэрлэх асуудлыг хөндөж ярив. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа дэлхий дахинд нүүрсний цахилгаан станцад санхүүжилт өгөх улс орон байхгүй болоод байгааг хэлж, хугацаа алдах тусам боломж хомсдоно гэдгийг анхааруулсан юм. Тог цахилгаангүй атлаа мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярих ичгэвтэр хэмээн тэрбээр хэлж, эхний шатанд ямар ч байсан зураг төсвийг хийлгээд үзье, болохгүй бол үгүй гэж хэлэх боломж бидэнд бий гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндэсний аюулгүй байдлын асуудалд ухаантай хандах ёстойг дурдаж, эрчим хүчний үнэ нэмсэн дарамтыг иргэд ухаалаг хүлээж авсныг сануулаад, иргэдийнхээ энэ эрсдэлийг дахин нэмэхгүйгээр асуудлыг зоригтой, хэрсүү шийдэж ажиллах шаардлагатайг зөвлөв. 

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 9 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 10 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 11 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 11 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 11 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 12 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 12 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08