Уран гулгалтын од Камила Валиева ОХУ-ын шигшээ багийн хяналтын үзүүлбэрийн хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 20-нд чөлөөт хөтөлбөрийнхөө үеэр тулуп эргэх гээд дараалан унаж, бүтэлгүйтсэн. Үзүүлбэрийнхээ дараа тэр нулимсаа барьж тэвчээгүй.
ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Александр Жулин “Валиевагийн хувьд өнөөдөр олон зүйл санаснаар нь болсонгүй. Гэхдээ түүнд тулгараад байгаа нөхцөл байдлыг бодолцвол үүнийг ойлгож болно. Ийм нөхцөлд бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэх урам зориг, мотиваци олох маш хэцүү. Надад бол энэ бүхэн бүх цаг үеийн хамгийн авьяаслаг уран гулгагчийг зориуд зовоож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна.” гэсэн байна. Энэ мэт маш олон хүн Камилаг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.
Харин Камила Валиева өөрөө “Би зүгээр л дөрөвлөсөн тулупаа хийчихийг хүссэн юм. Ийм зүйл тохиолддог. Тэмцээн гэдэг бэлтгэл дээрх зүйл бодит гулгалтад яаж гарахыг харахын тулд байдаг. Би энэ хөтөлбөрөөрөө бурханд хандсан санааг илэрхийлэхийг хүсэж, гулгаж байгаа. Ямар ч өвдөлт эцэстээ өнгөрч, түүний цаанаас сайхан зүйл төрдөг гэсэн санаа юм. Эргэн ирэхийн төлөө хийж байгаа миний бүх оролдлого эцэстээ үнэхээр сайхан зүйл болж хувираад хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чадна гэдэгт би маш их итгэдэг.” гэжээ.

Мөн “Хяналтын гулгалт надад юун дээр ажиллах хэрэгтэйгээ ойлгоход тусалсан. Харин хүч, тэнхээний тухайд... мэдэхгүй ээ. Одоохондоо энэ бүхэн миний хувьд нэг л тодорхой бус, тогтворгүй санагдаж байна. Гэхдээ бүх зүйл сайхан болно гэж найдаж байна” гэсэн байна.
Мөн яагаад ийм их сэтгэл хөдөлснөө тайлбарлахдаа тэмцээн болон хяналтын гулгалт өөрт нь маш хүчтэй эмоци өгдөг, зарим хүн үүнд хурдан дасдаг ч өөрт нь илүү их хугацаа хэрэгтэй, одоохондоо яарахгүйгээр хэвийн байдалд оруулахыг хүсэж байна гэж хэлсэн юм.
Хөтөлбөрийн хөгжмийн тухай Бенуа Ришо түүнд Hamnet киног үзэхийг санал болгосон бөгөөд Валиева киног үзээд шууд уйлсан гэжээ. Max Richter-ийн хөгжмийн эхний хэсгийг сонсоод “хайлчих шиг болсон” гэж ярьсан. Тиймээс энэ чөлөөт хөтөлбөр нь зүгээр нэг техникийн үзүүлбэр биш, өвдөлт → өөрчлөлт → найдвар гэсэн сэдэвтэй гэсэн байна. Ришо ч хөтөлбөрийг яг ийм утгаар бүтээснээ тайлбарласан.

Камила Валиевагийн “төвийг сахисан тамирчны статус”-ыг Олон улсын тэшүүрийн холбоо цуцалж, улмаар давж заалдах гомдлыг нь ч хүлээж аваагүй.
Спортын арбитрын шүүхэд дээрх шийдвэрийн асуудлаар хандахаа мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна