Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2026.04.30/ болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан үг хэллээ.
С.Амарсайхан сайд “Хүүхдийн эрхийн зөрчил, тэр дундаа үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг таслан зогсоохгүйгээр хүмүүнлэг нийгмийг бүтээх боломжгүй. Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй хувь хүн, гэр бүл, хүрээлэл, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болдог, төлөвшдөг зүйл. Тиймээс гэр бүлийн боловсролд онцгой анхаарах, томчууд хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байх, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг, ойлгож, сонсдог байх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн том хөшүүрэг болно” гэдгийг онцолсон юм.
Сүүлийн 5 жилд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар 2200 гэмт хэргийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Хүчиндэх, Өмчлөх эрхийн эсрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, Цахим гэмт хэрэгт өртөж байгаа юм.
Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй гомдол, мэдээлэл 399 бүртгэгдсэнээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй, энэ оны эхний гурван сарын байдлаар үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн шинжтэй бөгөөд 24 буюу 41.4 хувийг зөрчлийн болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Зөвлөгөөний үеэр цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зөв хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөж, хүүхдийн эрхийг хамгаалах, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, ойлголтыг оролцогчдод хүргэлээ. Мөн цахим дээрэлхэлттэй тэмцэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, багш, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон юм.
Тус арга хэмжээг “И-Монгол академи” УТҮГ, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Амгалан айл” НҮТББ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид зэрэг 800 орчим төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна