Австралийн Мельбурн хотын нэгэн эр нийт 9000 долларын үнэ бүхий 43 ширхэг Лабубу тоглоом хулгайлсан хэрэгт буруутгагдсан талаар Австралийн телевизийн ABC суваг өнөөдөр /2025.10.22/ мэдээлжээ.
Викториа мужийн цагдаа нар Мельбурн хотын баруун хэсэгт байрлах хувийн өмчид нэгжлэг хийх үеэр 43 ширхэг Лабубу тоглоомыг хураасан. Тоглоомуудын нийт үнэлгээ нь 9000 орчим доллар. Дөчин настай эрэгтэйг хулгайн хэргээр буруутгасан бөгөөд шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан байна.
Хураасан тоглоомуудын дотор хязгаарлагдмал тоогоор хийгдсэн Лабубу хэд хэд байсан бөгөөд тэдгээрийн үнэ нь ойролцоогоор 500 орчим доллар гэнэ.
Өмнө нь есдүгээр сарын 3-нд АНУ-ын Сиэтл хотын нисэх онгоцны буудалд 500 мянга гаруй долларын үнэ бүхий хуурамч Лабубу тоглоомын ачааг хураан авсан тухай NBC News мэдээлж байсан юм. Тус сувгийн мэдээлснээр, АНУ-ын Гаалийн болон хилийн албаны ажилтнууд ойролцоогоор 513 мянган долларын үнэ бүхий 11,100 тоглоом хураан авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна