ХАНУЙН РАШААНЫ ТЭМДЭГЛЭЛ


Булган аймгийн Баян-Агт сумын нутагт байрлах Хануйн рашааныг энэ жил хоёр дахиа зорив. Нүүдэлчин удамт бидний зун цагийн аз жаргал чухамдаа хөдөө орон нутгийг зорих. Тэр дундаа гол устай газар очвол бүр ч жаргалтай.

Хүүхэд байхад ижий аав амралт эхэлмэгц хэдэн хүүхдээ аваад л хөдөө тийш зорино. Одоогийнх шиг хүн бүр хувьдаа унаатай байсан цаг биш ч бид яаж ийгээд л хөдөө очиж, айраг цагаан дээр хэд хоног жаргаж байгаад буцаж ирдэг сэн. Хотоос гараад л ногооны үнэр ханхийж мөн ч сайхан санагдана. Хүүхэд насанд цаг хугацаа удаан өнгөрдөг, бүх зүйлсээс сайхныг олж хардаг нь хичнээн гоё байж вэ.

Хөдөөг л зорьж гол усанд очиж амардаг жишгээр түрүү жил Хөвсгөл ороод буцах замдаа гэнэт шийдэн Хануйг зүглэсэн юм. Хоолойнд сайн рашаан байдаг, олон ч хүн илааршсан гэж сонсоод зорьсон хэрэг. Наадмын дараахан тэр өдөр бороотой байж таарав. Хануйг зориход Баян-Агт гэсэн самбараар салаад цаашаа  60 гаруй километр шороон замаар явлаа. Үдээс хойш харьцангуй олон цаг явж хүрсэн. Бороо устай үед рашааныг зорих замд "суусан" машин олон, бие биесээ бараадан урагшилсаар харуй бүрий нөмөрсөн хойно очиж билээ. Шороон зам ерөнхийдөө гайгүй гэж хэлж болох ч бороо устай цагт бол бас амаргүй. Рашаан дөхөх тусам хад асгатай учир чулуу бас нэлээд таарна. Уурхайн зам гэх өөр нэгэн зам байдаг, хур ихтэй үед түүгээр явах нь дээр гэж зөвлөх хүмүүстэй ч таарсан.

Рашааны хажуу талын дэнж дээр нэлээд олон амралт бий. Ихэвчлэн 3-4 ортой, шовгор байшинтай. Амрагчид ид цувж, ачаалал их байдаг үе нь наадмын хэд хоног, бусад үед харьцангуй гайгүй. Гэхдээ л гайгүй үедээ ч рашаан дээр түм түжигнэж, бум бужигнаж байдаг. Ердийн үед 50-60 мянга байдаг шовгорын үнэ эрэлтээ дагаад наадмын өдрүүдэд 100 мянгаас дээш байна, түрүү жил 100 байсан бол энэ жил дунджаар 120 мянгаас дээш байсан. Ийнхүү хоноглоод хоолоо өөрсдөө хийж идэх бөгөөд амралт тойрсон дэлгүүрүүдэд мах, хүнсний зүйлс боломжийн сонголттой.

Цэвэр бохироо шийдсэн, боловсон 00-той зарим амралтын газар энэ жил наадмын ид өдрүүдэд багц үнэ санал болгож байлаа. Тухайлбал, 7 дугаар сарын 7-ноос хойш нэг амрагчийг өдрийн 3 хоол, ор хоногийн төлбөр нийлээд өдөрт 95-100 мянган төгрөгийн үнээр авч байсан юм. Харин өөрсдөө хоол хийж идэх тохиолдолд авах боломжгүй хэмээн мэдэгдэж байлаа.

Рашаан үнэхээр сайн уу. Хануйн рашаан хавцлын дунд оршино. Нийтдээ 108 рашаан байдаг гэж хүмүүс хэлэлцдэг ч яг тоолсонгүй. Бөөр, зүрх, уушиг, толгой, мэдрэл, шүд, нүд, нойр булчирхай, цөс, элэг, харшил, даралт, түрүү булчирхай, сав, хоолой гээд бүх л төрлийн рашаанаас хүмүүс хүртэцгээнэ.

Рашааныг зорин ирэгсэд эхлээд Ээж модонд очиж, эхийн тухай дуу дуулна.

Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахитай байхаас минь

Дууны сайхан эгшгээрээ

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн

Миний ээж сайхан ээжий

Мяндас зөөлөн уян ээжий

Буруу хийвэл хатуу ээжий

Буурал болсон ч чадуу ээжий...

Ээж мод энэ дууг л хамгийн их сонссон болов уу гэж бодогдоно. Бөөнөөрөө хүмүүс ирээд л 2-3 дуу дуулахад энэ сайхан дууг заавал аялж, түрнэ.

Өмнө жил биднийг Ээж модонд ирэхэд нэг гэр бүлийн 4 хүн ирсэн дуугаа дуулаад хэдэн минут болсон. Мод хуурай хэвээр, ус гарч ирэхгүй л байв. Зарим их мэдэгчид мод өөрөө тодорхой давтамжтай ус нь гарч ирдэг, тэр хугацаа нь болоогүй байна гэцгээгээд л...

Ээж модны доод хэсгээс чийг даах хэмжээний ус гарч ирдэг түүнээс нь авч бяцхан ёслол үйлдэнэ.

Дараа нь толгой дээрээ рашаан асгуулна. Таван литрийн саваар толгой хага ташим ус гурван удаа хийлгэнэ. Хажууханд нь байх чулуун дээр бөхийн суугаад л усаа хийлгэнэ дээ. Амаргүй ээ, нэн ялангуяа жаахан удаан хийвэл толгой илүү хага ташна, хурдан пал хийтэл асгавал бас ч гэж гайгүй.Гурван удаа ус хийлгэсний дараа толгой,  нүд өөрийн эрхгүй сэргээд л ирнэ. 

Рашаанчид нэг бус нэлээд олон рашаан хүртэх нь олонтаа. Зохицуулагч цагаан, ногоон тан гэх рашааныг хүртдэг гэх ч тэдгээрийн нэр бүхий тэмдэглэгээг олсонгүй. Мэдээж олон рашаан ойр ойрхон хүртвэл гэдэс цэрийнэ, тиймээс зохих хэмжээгээр хэрэглэж явлаа. Рашааны зааврууд байх ч зарим үсэг нь баларсан үзэгдэнэ. Заавраар бол рашаанаас биеийн жиндээ тааруулж өдөрт 1 удаа 250 грамм хүртэл хүртэнэ. Гэхдээ нэгэн эр даралт нь 200 гараад байхаар Хануйн рашааныг зорьж ирээд даралтны рашаан уусан, өдөрт 3 аягыг жаахан зайтайхан уучихдаг. Анх зорьж ирснээс хойш миний даралт ихдээгүй, буянтай рашаанаа жил бүр зорьж ирдэг гэж хуучилсан нь бий. Рашаанаа уугаад яваад байхаар цэрийхгүй юу гэхээр зүгээр ээ шингээд байдаг гэсэн юм. Хүн болгоны бие махбод өөр учир өөртөө тааруулаад л хүртэж болох биз ээ.

Рашаан тойрсон амралтуудаас нэг нь л эмчтэй, бусад нь  үгүй. Тиймээс ирсэн хүмүүс биесээсээ асууж суралцах байдлаар л рашаанд орж, бас уух нь түгээмэл.

Хануйг зорьж ирэх нэг гол шалтгаан нь хоолойд сайн хөлөө дүрдэг рашаан юм. Рашааны төв хэсэгт хөл дүрдэг хэсэг байрладаг бөгөөд ихэнхдээ хүмүүс дүүрэн байдаг. Хүмүүс голдуу 5-15 минутаар 1-7 удаа хөлөө дүрдэг. Чухам энэ хэсэгт л ээж аав нар жинхэнэ авьяасаа гаргана даа. Цэл хүйтэн усанд хөлөө дүрсэн бяцханууд уйлалдана, тоглоом амлана, магтаж сайшаана, зарим нь ч хүчээр оруулна гээд юм юм л болно. Гэхдээ эцэг эхчүүд өөр хоорондоо өмнө жил ирсний хүчинд дахиж хоолой нь өвдөөгүй, ханиад ч хүрээгүй тухай хуучилцгаана. Хануйн рашааны сошиал группт хүүхэд нь хүйтэн усанд хөлөө дүрээд халуураад буцсан тухай ч бичигдсэн харагдсан. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүсийн ам эерэг.

Хажуухан талд нь мэдрэлийн хүйтэн рашаан байна, түүнд хүмүүс биеэрээ орж хэвтэнэ, ханиад томуу хүрдэггүй жилээ даадаг л гэлцэнэ. Часхийсэн хүйтэн урсгалтай рашаанд орсны дараа биеэр зүү хатгаад ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм билээ.

Хоолойн хэсгийн хойхно үе мөчний рашаан шавар байдаг, түүнийг "амтай" сайн гэж орсон хүмүүс нь ярилцдаг. Ус нь ногоорч харагдах уг хэсэгт улаан шаргал толгойтой жижиг могой үе үе үзэгддэг. Хүүхдүүд могойтой рашаанд хүмүүс очоод байсан гээд айх маягтай. Хануйн рашаанд хоёр төрлийн могой байдаг гэж үзэгддэг, аль аль нь хоргүй.

Рашаанаа ууж, бүтэн тойроход ойролцоогоор 2 цаг орчим хугацаа зарцуулагдана. Мэдээж хөл дүрдэг, мэдрэлийн, үе мөчний гэх мэт ордог хэсгүүдэд урт цаг зарцуулвал энэ хугацаа нэмэгдэнэ.

Рашаан дээр хуушуур, бууз, пицца гэх мэт ширхгийн хоол зардаг хүмүүс бий.

Энэ жил бид наадмын өмнөхөн очиж таарсан. Наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 11-нд айхтар үер болж, хөл дүрдэг хэсэг “сүйдэж”, мэдрэлийн рашааны ордог хэсэг “зад тавьсан” юм. Тухайн өдөр рашааны эргэн тойронд байсан хүмүүс гэнэтийн үер усны улмаас сандарцгаасан, аймаар байсан гэцгээсэн ч аюул осол нь харьцангуй бага өнгөрсөн гэж яригдаж байв. Харин одоо засагдаж, хуучин хэвэндээ орсон гэсэн.  

Рашаанаа зориод ирсэн хойно энэ жил хоолой өвдөхгүй, ер нь л эрүүл саруул байна гэдэгтээ итгэлтэй байгаа. Өмнө нь хүйтэн юм уухаар л хэцүүдээд байдаг байсан хоолой минь өмнө жил өвдөөгүй юм, тиймээс итгэлтэй байгаа хэрэг. Зун цагт хөдөөг зорьж, эрч хүч авах шиг сайхан амралт үгүй билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТ НУТГААР ДУЛААРЧ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 16 минутын өмнө
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 12 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 13 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 18 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 19 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 20 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 23 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… Өчигдөр
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
БОХИРЫН ХООЛОЙНУУДАД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ШҮҮР СУУРИЛУУЛЖ БАЙНА 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 19 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ЗАМЫНХАА 10 ХУВЬ БОЛОХ 500 КМ-ЫГ АМЖИЛТТА… 2025/04/14
ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/04/16