У.ХҮРЭЛСҮХ: ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ЭРЧ ХҮЧТЭЙ, ЭМХ ЦЭГЦТЭЙ, ЭХ ОРОНЧ, ЭВ НЭГДЭЛТЭЙ АЖИЛЛАХ НЬ ЭРХЭМ ЗОРИЛГО БАЙХ УЧИРТАЙ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээг бүрэн эхээр нь нийтлэв. 

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Он солигдож буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар баяр баяслаар дүүрэн, сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Шинэ жилийн баяр бол айл өрх, ард олноороо ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхын эхлэл болдог хүн төрөлхтний баяр билээ.

Улиран одож буй 2024 он монголчууд бидний хувьд төдийгүй дэлхий ертөнцийн хувьд түүхэн онцлог үйл явдлуудаар дүүрэн он байлаа.

Төрт ёсны аугаа түүхтэй, төв Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улс өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засгаа байгуулж байсан бахдам сайхан түүхтэй ард түмэн билээ.

Манай ард түмэн энэхүү түүхт ойн жил ардчилсан төр, засаг, парламентат ёсоо улам бататган бэхжүүлж, анхны 126 гишүүнтэй УИХ-ыг сонгон, төр, засгаа эмхлэн байгуулж, парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө Ази тивдээ тэргүүлсэн онцлог жил байлаа.

Энэ жил манай улсын эдийн засаг таван хувиар өсөж, гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрч, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарлаа.

Мөн төсвийн сахилга батыг сайжруулах шинэ зарчим тогтоон, манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн жил боллоо.

Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр, дээд олон айлчлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа.

Энэхүү олсон ололт амжилтаа улам бататган, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, засаж сайжруулж, ажил үйлсээ улам эрчимжүүлж, шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай.

Тиймээс бид Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Айл саахалт, анд нөхөд, халуун ам бүл, хайртай дотно хүмүүстэйгээ шинэ оноо сэтгэл догдлон хүлээж буй Та бүхэндээ шинэ оны мэндийг дахин хүргэж, ирж буй ондоо эрүүл чийрэг, идэр жавхаатай, эрч хүчтэй, эв эетэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Он солигдож буй энэхүү торгон мөчид эх орныхоо дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө хүчин зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Айлчлан ирж буй 2025 онд айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхийд энх тайван тогтож, хүн төрөлхтөн амар амгалан аж төрөх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе” гэжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 4 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 5 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 5 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 6 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 9 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 10 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 11 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 13 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 14 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17