Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Москва хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.
Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинд өчигдөр /2025.11.18/ бараалхжээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлал идэвхтэй өрнөж, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна гэж онцолжээ. Түүнчлэн Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
2026 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал харилцан тохирсон байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар өмнө нь өнгөрсөн 9 дүгээр сард Дорнын эдийн засгийн 10 дугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна