Дэлхий нийтийн өмнө тулгамдсан цөлжилт, газрын доройтлын асуудлаар 197 орны төлөөлөл манай улсад хуралдаж байна. Шинжлэх ухаанд суурилсан, үр дүн нь хэмжигдэхүйц шийдэл гаргана гэдэг үг оролцогч бүрээс гарч буй энэ үед ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газрын ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний ажилтан А.Бадамтай ярилцлаа.
-КОП17-ын салбар хуралдааны үеэр таны нэг судалгааг улс даяар хийх боломжтой юу гэж төрийн албаныхан асууж байсан. Тэр чухам ямар судалгаа вэ, ямар дүгнэлт гарсан бэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Үндэсний Статистикийн Хороо, Үндэсний Аудитын Газар хамтран “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежмент” сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулж, манай хүрээлэнгийнхнийг урьж оролцуулсан. Эрүүл газар эрүүл хөрс гео экологийн судалгааны тогтвортой газар ашиглалтын менежмент гэсэн асуудлаар тавьсан миний илтгэлд дурдсан судалгааны аргыг сонирхсон. Бэлчээрийн төрөл, хөрсний бүрэлдэхүүнийх нь ерөнхий ангиллаар нь авч байгаад сансрын зургийн ногоорлын индексэд түшиглэн өөрчлөлтийн зургийг нь гаргаж давхцуулсан аргаар хөрсний доройтлыг судалсан.

Элсэн тасархайн туршилт судалгааны суурин (2013 он)
-Бэлчээрийн доройтол малаас болж байна гэсэн ойлголт яваад хүмүүс талцаад байдаг. Үхэр хүлэмжийн хий “үйлдвэрлэгч” гэх яриа ч байдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ. Нөгөө талаас нэг багаас нөгөө рүү орж болохоо больчихсон, бэлчээр хумигдмал байхаар газрын хөрс яаж сэргэх вэ гэж зарим хүн ярьж байна?
-Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж, хур тунадас багасаад жилийн дундаж температур дэлхий нийтэд өссөн. Манай улсын хувьд дэлхийн дунджаас ч илүү өөрчлөлт явагдсан. Ингэж хуурай болж, гангийн давтамж нь ойртоод уртсаад байгаа учраас гадаргын усаа дагаад бусад аймгуудаас жишээ нь Дархан Сэлэнгэ рүү нүүж шилжих нь ихсэж байна. Малтай иргэд олноор нүүж ирэхээр бэлчээрийн даац хэтрээд байна гэж яригдаж байгаа. Сүүлийн 12 жилд 300 гаруй мянган иргэн шилжин суурьшсан тоон мэдээ байна. Уур амьсгалын өөрчлөлт бол хамгийн суурь шалтгаан, бас хүний үйл ажиллагаанаас хамаарч байна. Талбайг хашаалж байгаад л туршилт хийж, мал их идээд байсан нь ийм болж байна, мал хүрээгүй нь ийм байна гэж хийсэн ажиглалт судалгаа нэлээд байгаа.
-Уул уурхай байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөөтэй гэсэн ойлголт хүмүүсийн олонход байдаг. Нөхөн сэргээлт хийгээгүй, усыг ихээр ашигласнаас гол горхи ширгэсэн гэж үздэг л дээ. Тиймээс ч орон нутагт уул уурхайг эсэргүүцэх тохиолдол маш их...
-Уул уурхай гадаргын яг 1.5 сая километр квадрат талбайн хэдэн хувийг нь эзэлж байна гээд үзэхээр шороон замынх нь талбайнаас бага байдаг гэж харьцуулалт гаргасан яриад байдаг шүү дээ. Тэгэхээр хэн нэгнээс бурууг хайхаасаа илүү би өөрөө юу хийж чадах вэ гэдгийг бодох хэрэгтэй байх. Иргэн хүн жишээлбэл, олон салаа шороон зам гаргахгүй, хөдөө хээр аялахдаа хог хаяхгүй гэдгээс өгсүүлээд л жижиг зүйлс нийлсээр байгаад л том зураг үүсдэг. Хариуцлагатай уул уурхай гээд нэг үеэ бодвол бас харьцангуй өөрчлөгдөж байна. Тэрбум мод төсөл гэхээр түүнийг дагаад нөхөн сэргээлт гээд мод тарих зэргээр сайжирч л байгаа.
-Та газрын доройтлыг маш олон шалтгаантай гэж үзэж байна уу. Ногоон соёлтой, нүүдэлчин, байгалиа хамгаалдаг гэдэг ч манайд бусад улсаас илүү доройтол явагдаж байна. Жам ёсоороо яваад байна уу, эсвэл..?
-Шууд болон шууд бус олон шалтгаан газрын доройтолд хүргэж байна. Жишээлбэл, гол ус эхлээд бохирдогч байснаа эргээд бохирдуулагч болно. Агаар ч, хөрс ч ялгаагүй. Бүх юм эргэх холбоонд оршдог.
-Та газрын асуудлаар гадаадад суралцаж, олон улсад илтгэл тавьж явсан хүн. Гадаадаас жишээ авмаар зүйл юу байна. Газрын нөхөн сэргээлтээр тэргүүлэх улсын нэг болох Исланд жишээ нь юу хийсэн бэ?
-Гадаадын жишээ гэхээр галуу дуурайж хөлөө хөлдөөнө гэдэг шиг хэтэрхий баян улс дуурайж гэх болов уу. Унгарт нэг хуралд сууж байгаад Исландад тэгдэг юм билээ гэсэн чинь “Танайх бол хөгжиж байгаа, харин Исланд бол хөгжингүй орон шүү дээ” гэж нэг эрдэмтэн хэлж билээ. Бараг л тэдний жишээг та нар авах хэрэг байна уу гэсэн маягтай. Исланд их салхитай, хөрс нь үржил шим муу, галт уулын гаралтай арал байж байгаад маш сайн нөхөн сэргээлт хийсэн. Бараг л 100 жилийн өмнө хөрс хамгааллын үндэсний төв байгуулаад л нөхөн сэргээлтийн ажил хийсэн байдаг. Байгальтай холбоотой ажилд хүүхдүүдийг бүр сурагч байхаас нь эхлээд оролцуулдаг. Хот тохижилтын ажилд цэцэг ногоо тарьдаг даа, түүнийгээ ахлах ангийн хүүхдүүдээр хийлгээд бүр сургуульд байхаас нь оролцуулаад явчихдаг юм билээ.

Исланд (2017 он)
-КОП17 дээр шийдвэр шинжлэх ухаанд суурилсан, хэмжигдэхүйц үр дүнтэй баймаар байна гээд их ярьж байна. Төр засаг, аймаг орон нутгийн түвшинд ер нь эрдэмтдийнхээ саналыг авдаг уу?
-Хүрээлэн, манай салбар, эрдэмтэд энэ КОП хуралд ямар үүрэг рольтой яаж оролцож байна гэхээр яг л өөрсдийнхөө үндсэн ажлыг хийгээд судалгаагаа танилцуулаад явж байгаа. Цэвдэг судлалын салбар гэхэд улсын хэмжээн дэх цэвдэг, хүлэрт намгийн карбоны нөөцийн судалгаагаа танилцуулж байх жишээтэй. Усны салбар гэхэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу Эгийн голын Усан цахилгаан станцыг байгуулахад ямар ямар хувилбартай байвал оновчтой вэ гээд судалгааны явцаа танилцуулсан. Сүүлийн үед Засгийн газар бодлого төлөвлөгөө гаргахдаа эрдэмтэд судлаачдынхаа судалгааны үр дүн дээр суурилдаг байя гээд их хамтарч ажилладаг болоод байгаа. Хамтын ажиллагааныхаа үр дүнгээр бодлогоо боловсруулж, хэрэгжүүлээд, цаашдаа явъя гэдэг болсон.

-Таны оролцож буй боловсролын төслийн хүүхдүүдэд зориулсан газартай холбоотой хичээлийн линкийг харсан. Их сонирхолтой бас өгөөжтэй санагдсан. Гантай газар ганд тэсвэртэй ургамал тарина гэсэн байсан. Ургамал тарихгүй байхаар яадаг юм. Мод тариад бид гоё байна гээд байдаг. Энэ нь буруу болж мэдэх нь ээ дээ?
-Гантай газрын ургамал нь манайхаар бол жишээ нь заг. Бүр ургамалгүй байж болохгүй. Аль болох л гадаргыг ургамалжуулж байх нь зөв.
-Ховдын Зэргийнхний нүүдлийг сайн туршлага гэж нэг илтгэгч ярьсан. Уул давж хол нүүдэллэдэг. Манайхны хувьд хол нүүдэллэх нь багассан нь бас бэлчээрийн доройтолд нөлөөлж байна уу?
-Нөлөөлж байгаа. Заримдаа нэг, хоёр км зайтай газарт өвөлжиж хаваржих тохиолдол ч байна. Ойрхон зайд нүүдэллэхээр бэлчээрийн сэргэлт гэдэг асуудал хэцүү. А.Хауленбек доктор Монгол Улсын хэмжээнд 5 аймаг байхад дээшээ хангай руугаа өгсөж зусаад буцаад говь руугаа уруудаж өвөлждөг байсан.
-Малчид л гээд байх юм, гэтэл хүн амын ихэнх нь хотод байна. Хотынхоо цөлжилт, уур амьсгалыг яагаад ярихгүй байгаа юм гэх нь ч байна?
-Хотын газрыг ярилгүй яах вэ. Хотын үерийн эрсдэлийн үнэлгээний судалгаа гээд С.Нарангэрэл доктор Ногоон бүсэд танилцуулсан. Манай судлаач Ө.Билгүүн нийслэлийн хүнд металын бохирдлын үнэлгээ хийгээд зургийг нь гаргасан. Эдгээрээ бүгдийг нь КОП-ын хүрээнд танилцуулаад хэлэлцүүлээд явж байгаа. Сүүлийн үед “Жорлонгоо өөрчилье”, “Хашаандаа сайхан амьдаръя” гээд, мөн ногоон зээл олгож эхэлсэн зэргээс шалтгаалаад хотын хөрсний бохирдол харьцангуй буурч байгаа гэж манай хөрс судлаач Ө.Ганзориг ярилцлага өгсөн байсан.
-Хотод ч хөдөө ч маш их үерлэж байна. Ерөөсөө бороо орохоороо л шууд үерлээд сайхан шивэрдэг нь бүр байхгүй болсон ч юм шиг. Энэ юунаас шалтгаалж байна вэ?
-Ган, үер бол яг нэг юмны хоёр тал гэдэг.
-Дэлхийд ер нь уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээгүй, газар нь доройтоогүй улс гэж байна уу?
-Байхгүй. Энэ жил гэхэд Европод гантай, Дунай мөрөн ширгээд Дэлхийн хоёрдугаар дайны үед живчихсэн байсан онгоц ил гараад ирлээ гээд л байна. Таны түрүүн асуугаад байсан гангийн тухай “Ангасан дэлхий” гэсэн цахим хичээл байсан даа. Унгарууд өөрсдөө гантай жил байгаа учраас хичээлийн хөтөлбөр шинээр гялс боловсруулаад шууд цахимаар тавьчихаж байгаа юм. Ард иргэддээ ийм маягаар мэдлэг мэдээлэл олгож байна.
-Манай улсын хувьд хичээл нь нэг л янзын программ, сурах бичгээр явдаг, бараг түүнээ өөрчлөх нь ховор байх шиг. Хүүхдэд бүр багаас нь байгаль орчин, экологийн боловсрол олгомоор байдаг. Бүх л төрлийн хичээл байгаа хэдий ч яагаад нэг л болохгүй байна вэ.. ?
-Бүр багаас нь дадал бий болгох талд анхаармаар байгаа юм. Унгарт эрдмийн ажил хийж байгаад ирсэн, хүүхэд маань тэнд цэцэрлэгт сурч байлаа. Зурагтаа үзэхгүй бол унтраах, ариун цэврийн өрөө ашиглачхаад гэрлээ унтраах, ямар ногоог хөргөгч рүү хийх вэ гэдгээс өгсүүлээд энгийн мэдлэг чадвар олгоод дадуулаад байдаг юм билээ. Таны асуугаад байгаа цахим хичээл манай Боловсролын яам, Унгарын интерактив программ хөгжүүлдэг Мозайк гэдэг компанитай хамтраад цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа төслийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр юм. Улсын бүх сургуулийн 6-аас дээш ангийнхан бүгд хэрэглэдэг, багш нар үүгээр хичээлээ заадаг байх учиртай. Өнгөрсөн жилээс эхэлсэн, ном дэвтэр бүх юм цахим, тэгээд шууд цаг үедээ тааруулаад л шинэчлээд явчихаж байгаа юм. Тэгэхээр манай боловсролын салбар бас энэ тал дээр шинэлгээр хандаж эхэлж байгаа гэж хэлж болно.
-КОП-ын хүрээнд экологийн боловсролын асуудал бас нэлээд яригдсан. Манайх энэ тал дээр учир дутагдалтай л санагддаг?
-Бүх нийтийн экологийн боловсрол бүр зайлшгүй чухал. КОП бидэнд ямар хамаатай юм бэ гэх хүмүүс байна. Ус, газар, агаартай холбоогүй, харилцан хамааралгүй нэг ч хүн байхгүй.
-Байгаль орчинтой ойр, нүүдэлчин ард түмэн гээд байдаг ч мэдлэг маань нэг тийм алаг цоог байх шиг. Ер нь тогтвортой хөгжил гэдгийн хүрээнд бид яах ёстой юм бэ?
-Тогтвортой хөгжил гэдэг нь энгийнээр хэлэх юм бол хэт их савлахгүй байх л гэсэн үг шүү дээ. НҮБ 2015 оноос газрын доройтлыг тэглэе гэсэн зорилт тавьсан байдаг. Энэ нь доройтсон газрыг сэргээе, шинээр доройтохоос сэргийлье гэсэн зорилготой. Тогтвортой байдал бол наад захын хэрэглээнээсээ л эхлэхээр юм байна лээ. Газар зүйн боловсролын хичээлд ухаалаг худалдан авалт гэж заадаг. Загвар нь хурдан солигддог тренд хувцаслалт, эсвэл хэт хямд хувцсаас татгалзаж, аль болох удаан хэрэглэх, дахин боловсруулж, эсвэл өөрчлөн ашиглаж болно. Хуванцар, нэг удаагийн сав, гялгар уут бага хэрэглэх шаардлагатай.
-Ер нь энэ газрын доройтлоо бууруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ, маш олон юм байгаа байх. Гэхдээ нэгийг л онцлооч гэвэл?
-Хэрвээ эрэмбэлнэ гэх юм бол хамгийн түрүүнд бодолтой, энэрэнгүй, бусдад хайртай бай гэмээр байна. Амин хувиа хичээдэг ашиг хонжоо хайдаг юм маш их болчихоод байна. Ногоо тарилаа гэхэд аль болох арвин ургац авч, зарж ашиг олохын тулд пестицид, химийн бордоогоор борддог. Тэндээс үлдэж байгаа газар нь яах вэ гэхээр хортон шавж устгагч пестицидтэй нийлмэл бордоо, синтетик химийн гаралтай зүйлсээр дүүрэн байгаа. Хортон шавж байхгүй болтол нь цацаад зэрлэг ч ургахгүй болгодог. Хор хөнөөл нь маш их.
-Гандуу газраас юм ургахгүй. Тэгэхээр ямар арга хэрэглэх вэ?
-Газар ашиглаж байгаа бол байгалийн бордоо ашиглах хэрэгтэй. Байгалиасаа гаргаж авсан, их шингэрүүлсэн шувууны сангас, малын өтөг бууц зэргээр бордож, сийрэгжүүлж, ашигладаг тийм арга технологиуд зөндөө байдаг. Усалгаа хийсэн ч ус бага шаарддаг усалгааны систем ашиглах хэрэгтэй. Жишээ нь дуслын услах систем гэж бий. Их бага хэмжээгээр буцааж сайжруулаад тэрийгээ экосистемийн үйлчилгээ гэж хэлээд байгаа. Аялал жуулчлалын үйлчилгээ явуулсан уу, бэлчээр, газар тариалан, уул уурхай ямар ч зорилгоор ашигласан бай экосистемийн үйлчилгээ авсан гэж үзэж буцаад тэр газартаа төлнө өө гэсэн ийм систем сүүлийн үед яригддаг болсон. С

Сэлэнгэ, Жавхлант сум, Хараа гол
-КОП дээр маш олон асуудлыг ярьж байна, газартай холбоогүй юм ч гэж алга. Мэргэжилтнийхээ хувьд ийм юм л хийчихвэл гэж боддог юм юу байна?
-Ер нь улсын бодлого боловсруулалт дэмжлэг маш чухал байж л хөгжиж дэвшиж байдаг. Ард иргэд нь дангаараа хичээсээр байгаад улс хөгжчихсөн тохиолдол хэлж мэдэхгүй байна. Бүх нийтийн экологийн, газар зүйн боловсрол маш чухал байна. Ер нь бол үндсэн суурь юунд хэрэгтэй гэдгийг ойлгуулж байж л байгальдаа ээлтэй хүн болж төлөвших байх даа.
-КОП17-ын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
-Яваандаа хамтын ажиллагаанууд нь бүх салбарт өргөжих байх гэж харж байна. Жишээлбэл, хүрээлэн КОП17-гийн явцад Исландын сургалтын хөтөлбөртэй хамтраад цаашдаа судлаач нараа улам чадавхжуулах тал дээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ярьж байна. Монголд Шинжлэх Ухааны академийн Их сургууль гэж байгуулагдсан. Тус сургууль бас цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятадын академийн сургуультай хамтран ажиллахаар болсон байна. Хүн болгон, судлаач, байгууллага бүр өөрийнхөө хэмжээнд дараагийн алхам, тав, арван жилийнхээ төлөвлөгөө, судалгааны санаагаа олж харж байгаа л гэж бодож байна.
-Таны яг хамгаалж буй сэдэв нано технологитой холбоотой. Энэ талаас хүмүүст зөвлөх зүйл юу байна?
-Миний судалгааны ач холбогдол нь юу вэ гэхээр хог хаягдлын менежмент маш их чухал шүү гэдэг л юм. Түлшний ашигт малтмал гэж нэрлэгддэг газрын тос, нүүрс, янз бүрийн ашигт малтмал ашиглах нь байгальд ээлгүй гэж үзэх болсон. Сүүлийн хорь, гучин жил олон улсад далайн түрэлт, нар, салхины эрчим хүч ашиглая гээд технологи, материалыг нь хөгжүүлж ирсэн.
-Илүү тодорхой тайлбарлаач гэвэл?
-Нарны хавтанд ашигладаг материалууд ерөнхийдөө хөрсөнд шингэж задарч алга болохгүй хор хөнөөлтэй, хоруу бодис ихтэй гэсэн үг. Хуруу зайнуудыг битгий хая, хураагаад дахин боловсруул гээд байгаа даа. Яг түүн шиг тийм хог хаягдлын менежмент л яригдаж байгаа, энэ асуудал дээр…
-Иргэд хогоо ангилахдаа яг дагуу нь аваачих газар байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй талаар КОП дээр нэг эмэгтэй ярьсан. Тэгэхгүй бол ангилж байгаа хөдөлмөр үнэ цэнэгүй болно гэсэн л дээ..
-Манайд ангилсан хогийг ялгаж авч явж байгаа юу, үгүй юу гэдгийг үнэндээ мэдэхгүй байна. Зарим газарт 4 янзын хогийн сав байршуулчихсан байгаа. Гэтэл хогийн машин ирээд л бүгдийг нь бөөнд нь ачаад л аваад явчхаж байгаа харагддаг, миний ажигласнаар..
-Таныг экологийн боловсролын талаар юм хийхийг зорьж байгаа гэж ойлгосон. Энд таны яриад байгаа бүх л зүйл хамаарна, тийм үү?
-Тийм, жишээ нь ухаалаг худалдан авалт хүртэл экологийн боловсролд орж байгаа. Ирээдүйд бид байгаль орчинтойгоо яг одоо байгаа шигээ харьцаж болохгүй гэдэг нь тодорхой байна. Байгальд ээлтэй алхам хийхийн тулд ухаалаг худалдан авалтаас эхлэх хэрэгтэй. Хог хаягдлын 5R зарчим гээд байгаа. Эхнийх нь refuse буюу татгалзах, reuse буюу дахин ашиглах, recycle буюу дахин боловсруулах, reduce буюу хог хаягдлаа багасгах, хэмнэх, rot буюу бордоо болгох гэсэн ийм таван зүйл үүнд багтаж байгаа.

-Таны үзүүлсэн цахим хичээлийн төсөл хэдэн улсад хэрэгждэг вэ. Ийм энгийн маягаар экологийн боловсрол олгох арга бий юу?
-Боловсролын яамтай хамтарсан цахим шилжилтийн хүрээнд хийгдсэн төсөл л дөө. Унгарт мэргэжилтнүүд эхийг нь бэлтгээд бүх хэл рүү зэрэг орчуулаад 30, 40 оронд хүмүүс уншиж үзэж болж байгаа. Хичээлүүдээ байнга шинэчлээд явдаг. Интерактив хичээл, хэрэгсэл, 3D, цахим сурах бичиг гээд их цогц платформ л доо. Миний хувьд англи хэл дээрх эхийг нь монгол руу орчуулах, хянах ажлыг хийж байгаа юм. Боловсролын сайд Л.Энх-Амгалан Mozaik Education компанийн Гүйцэтгэх захирлын орлогч Петер Төрөктэй уулзаж, Монголын боловсролын тогтолцооны дижитал шилжилт, инновацийг хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ гэсэн мэдээ гарсан. Газар зүйн багшийн үүднээс харах юм болбол 9-р сарын 1-нд хамгийн эхний орох хичээл таны харсан Гангийн тухай хичээл байгаа.
-Хөрсийг эрүүлжүүлэхэд олон юм хэрэгтэй юу гэдэг асуултыг эцэст нь тавья?
-Үгүй, олон юм гэхээсээ илүү жижиг алхмууд л хэрэгтэй. Мозайк гэдэг чинь нэг ийм жижигхэн өнгө өнгийн гурвалжин дөрвөлжин дүрс нийлүүлсээр байгаад холоос харахад бүтэн том зураг болдог шүү дээ. Яг тэрэн шиг л олон жижиг алхам, үйлдэл нийлээд л хөрсийг эрүүлжүүлнэ.
-Ярилцлага өгсөнд танд баярлалаа.
Р.ГАНПҮРЭВ
Сэтгэгдэл (1)