Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн удирдлагуудтай цахимаар шуурхай хуралджээ.
ЭМЯ-ны харьяа эмнэлгийн оролцоотойгоор нийслэлийн хэмжээнд дутагдаж буй орны ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлд бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл солилцсон байна.
Шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн Хүүхдийн тасагт нэмэлт ор дэлгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Мөн Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нар, удирдлагуудтай цахимаар хуралдаж эмнэлэг, нэгж бүр дээрх эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, амбулаторийн тусламжийн ачаалал болон хэвтэн эмчлүүлэх орны нөхцөл байдал, ЭМД-ын санхүүжилтийн нөхцөл байдлын мэдээллийг солилцон хэрхэн арга хэмжээ авахаа хэлэлцсэн байна.
Одоогийн байдлаар хүн амын төвлөрөлөөс хамаарсан хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохицуулалт хийж, Баянзүрх дүүргийн зарим хороодыг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлэх болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлгүүдэд хуваарилан зохицуулалт хийх шийдвэрийг гаргажээ.
Хүний нөөцийн судалгаа мэдээлэлд үндэслэн хүний нөөцийн зохистой хуваарилалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон харьяа эмнэлгүүд, үндсэн мэргэжлийн резидент эмч нараас бүрдүүлэх үе шаттай арга хэмжээ авахаар ажиллана.
Түүнчлэн дараах арга хэмжээг яаралтай авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг сайжруулах, уртасгасан цагаар ажиллуулах;
- Засгийн газрын 147-р тогтоолын хэрэгжилтийг биелүүлж эцэг эх асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд ойлгуулан дэмжих;
- Хөнгөн хэлбэрийн томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд хийгдэх өдрийн эмчилгээг эрчимжүүлэх, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр болов.
Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд маргааш Хан-Уул, Баянгол, Налайх дүүргүүдэд ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна