Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд өнөөдөр /2025.11.22/ ажиллалаа.
Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд иржээ. Үүний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Яаралтайгаар ирж буй дийлэнх хүүхдэд өндөр халуурсан, гүйлгэсэн, суулгасан, бөөлжсөн зэрэг шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.
Томуугийн дэгдэлтийн үе тул нэг ээлжид 14 эмчийг хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллуулж байна. Гэсэн хэдий ч хүлээгдэл их байгааг иргэд хэлж байна. Эмнэлэг дамжин дугаарлаж явснаас үүдэж хүүхэд шокын байдалд орох, татах зэрэг тохиолдол их байгаа учраас ирсэн хүүхдүүдийг аль болох буцаахгүйгээр коридорт ор дэлгэж авч буйг тус төвийн эмч нар учирлалаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг коридортоо 20 ор дэлгэжээ.
Зургаа хүртэлх сартай нярай хүндрэх нь элбэг байна. Гүйлгэж, бөөлжсөн, амьсгалын дутагдалд орж хүндэрсэн тав хүртэлх насны 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэдний 11 нь ой хүрээгүй нярай хүүхэд байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар оргил ачааллын үе буюу 12 дугаар сараас өмнө хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах бодлого, зохицуулалт хийх, өвчлөл дэгдээгүй орон нутгаас эмч нар дайчлан ажиллуулах чиглэл өглөө. Мөн амбулаторийн цагийг сунгаж ажиллуулах, резидент эмч нарыг ачаалал их тасгуудад ажиллуулах зэргээр нөхцөл байдалдаа тохируулж уян хатан зохицуулалт хийхийг санууллаа.
Г.Занданшатар "ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ зэрэг яам, агентлагуудын дарга нар явж ажилла. Үнэлгээ, датаг бодитой гарга. Тасалгаанд суугаад компьютер дээрээс тоо нэгтгээд яриад байх нь зохимжгүй. Нүдээр үзэж, харж байж бодлого, шийдвэр оновчтой гарна." гэжээ.
Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус, амьсгалын замын синцитиаль вирус дэгдэж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн 7 хоногоос 4 хувиар нэмэгдсэн төдийгүй нийт амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчин Улаанбаатар хотод алаг цоог дэгдэлттэй, эмнэлгүүдэд ачаалал нэмэгдсэн. Харин улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Хүүхдэд унтаарах, зовуурьтай тухгүй байх, уйлагнах, ойр ойрхон гүйлгэж, бөөлжих, 3-4 цагийн зайтай өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Дур мэдэж эм өгөхгүй байх, интернетээс зөвлөгөө авахгүй байхыг эмч нар онцгойлон анхааруулж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан юм.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 430 гаруй мянган хүн амтай. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 252 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн шөнө 417 хүүхэд иржээ. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт ачаалал хоёр дахин нэмэгдсэн учир эмч, ажилчдын тоог 2-4 дахин нэмэгдүүлжээ. 48 цагийн дотор ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлах, АШУҮИС-тай хамтарч, резидент эмч нарыг нэмэлтээр ажиллуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.
Мөн амбулатори дотор тусгай түр өрөө нээж, зөвхөн хүүхдүүдэд үйлчлэх зэргээр ээлжийн зохицуулалтыг шуурхай хийж ажиллахыг сануулав. Түүнчлэн ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг холбогдох албаныханд даалгажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна