Өнөөдөр буюу 11-р сарын 20 Дэлхийн Хүүхдийн өдөр. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан энэ өдрийг 2017 оноос эхлэн Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд 130 гаруй орон нэгджээ.
Хүүхдүүд тулгамдсан асуудлаараа насанд хүрэгчдэд дуу хоолойгоо өргөж, бүгд хүүхдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм.
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” Хүүхдийн үндэсний чуулганыг Төрийн ордонд өчигдөр /2025.11.19/ зохион байгуулж, 21 аймгийн 330 сум, 9 дүүргийн төлөөлөл 800 хүүхэд шинэ зуун жилийн хөгжлийн бодлогоо өөрсдөө тодорхойлж, Засгийн газарт хүргүүлжээ.
Хүүхдүүд шинэ зуун жилд ёс зүйгээрээ манлайлсан, зөв чанартай хүн байх нь эн тэргүүний зорилт гэдгээ тодорхойлж, оролцоо сайтай, зөв зан чанартай, соёлтой, бусдыг хүндэлдэг, боловсрол, эрүүл мэнд, хөгжил оролцоог дэмждэг, хамгаалдаг, нийгмийн бүхий л салбарт хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чухал байгааг онцолсон байна.
Хүүхдийн үндэсний чуулганаас хүүхдүүд өөрсдөө таван үндсэн чиглэлээр санал, шийдэл боловсруулжээ. Үүнд: .
1. Боловсрол: Тэгш хамруулсан, аюулгүй, хүчирхийлэлгүй сургалтын орчин
2. Эрүүл мэнд: Хүүхэд бүрд хүртээмжтэй, хүртээмжийн ялгаа арилгасан үйлчилгээ
3. Хөгжил ба оролцоо: Хүүхдийн дуу хоолой, манлайлал, шийдвэр гаргалтад оролцоог хангах
4. Хамгаалал: Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх
5. Гэр бүл ба нийгмийн орчин: Хүүхдэд ээлтэй орчин, тогтвортой гэр бүлийг дэмжих
Хайрлагдсан хүүхэд бүр аз жаргалтай. Хүүхдийн өдрийг хайраар дүүрэн өнгөрөөе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна