COP17 -БАЙГАЛЬ ЭЭЖДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ САЙХАН БОЛОМЖ


Хүүхэд насны дурсамж гэгээн сайхнаар дүүрэн. Таван хүүхдээ аав, ээж минь зун бүр хөдөө явуулдаг байлаа. Ах, дүү хамаатан садандаа төвөг учруулахгүй гээд аавын нутаг Төв аймгийн Алтанбулаг сум руу хоёрыг нь, Дорноговьд нагац ахынх руу гурвыг нь гэх мэтээр хуваана. Тэр үед машин тэрэг ч ховор байсан болохоор автобус, галт тэргээр явна, эсвэл танил найзуудынх нь машин, мотоциклоор хүргүүлнэ.

Арваад настай байхад аавын найзууд дүү бид хоёрыг улаан, цэнхэр Ява мотоциклдоо сундлаад Алтанбулаг хүргэх болдог юм. Туулын хөвөөг эмжсэн бургас дундуур донсолгоотой замаар давхиж явтал урдхан талд дүү минь гүйж явна. Юу болов, яав ийв л болцгоов. Донсолгоон дунд мотоциклоосоо “унаж” үлдээд гүйцэхээр хөөж яваа юм байх. Нас нь жаахан л болохоос спортоор хичээллэдэг, юм юманд дөртэй сүрхий эр ч гэлээ мотоцикл гүйгээд гүйцнэ гэж бодно гэхээр арай л уу.  Энэ мэт хөгтэй явдал олон тохиолдоно оо.

Аав, ээж минь хүүхдүүдээ хөдөө талд сайхан агаарт, айраг цагаан дээр амраах гэж  хичээдэг байж дээ, одоо бодоход.

Хотоос дөнгөж гараад л замдаа зогсоход өвс ургамал жигдрээд агаар нь үнэхээр сайхан, нэг л ер бусын санагддагсан. Одоо ч тэр тансаг мэдрэмж сэтгэлийн минь гүнд оршсоор  байдаг. Хүүхэд насанд юм бүхэн гэгээн сайхан санагддагаас ч тэр юм уу одоо хөдөө тийш зориход лав хотоос гараад л үнэртдэг, хардаг, мэдэрдэг бүхэн минь хамаагүй өөрчлөгдсөн мэт бодогддог. Яг л хүүхэд насанд шинэ жилээр иддэг байсан алим, мандариныхаа  амтыг одоо байгаа энэ олон сортын жимснээс хайгаад олдоггүй шиг...

Төрөлх Улаанбаатар хот минь одоогийнх шиг утаатай байсангүй, Монголын минь тэнгэр цэв цэнхэр гэж итгэдэг, аав ээж минь, багш нар минь ч тэгж ярьдаг байсан хүүхэд нас минь...

Эмээ минь багадаа хонь хариулаад ирэхэд нь гүзээлгэнийн шүүс хөл, хормойг нь “будчихдаг” байсан гэж ярьдагсан.  Толгой дохин амаа ангайн сонсох хэдий ч навчин дороо нуугдаж бөхийн ургадаг тэр ховор жимс тийм элбэг байх учиргүй, эмээ “давслаад байна даа” гэж боддог ч мэдээж яаж хэлж чадах вэ.  

Шарга морьтын зуслангаас уул давж бөөнөөрөө алхаад л хоногтоо нэрс жимс зөндөө түүгээд ирдэг байсан тухай миний яриаг хүү минь сонсохдоо  “хэтрүүлэгтэй юу, үгүй юу” гэсэн эргэлзэнгүй байдал харцных нь гүнд тодордог юм. Улаанбаатар утаагүй байсан гэхээр яг үнэн үү гэж жаахандаа гайхан асууж билээ. Өвөл бүр бөөн утаа, манан дунд амьдарч, хаа сайгүй тэр тухай ярьж байгаа юм чинь арга ч үгүй биз дээ.  

Эх болсон Монгол орон минь үнэхээр сайхан. Ширэг шиг ногоон дэвсэг дээр нүцгэн хөлөөрөө алхах хичнээн гоё билээ. Гэхдээ одоо тийм газар ховордсоор л байна. Ойн ихэнх нь хядагдаж, тал хээр нь цөлжиж, бэлчээр нь хомсдож.. Харах бүрдээ л харамсдаг даа.

Бид ирээдүй болсон хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхийг хичээх ч үнэндээ тэр гол зүйл мөн үү. Амьсгалах агааргүй, уух усгүй бол хэрхэхсэн билээ. Хүний гар, малын хөлд улам бүр талхлагдсаар байгаа байгаль орчин нүдэнд нь ил байхад гайхамшигтай шүү манай нутаг гээд байхаар тэд маань заримдаа гайхдаг ч байж мэдэх юм.

Бид явна, байгаль үлдэнэ. Үрсдээ үлдээх бидний гол баялаг уух ус, амьсгалах агаар нь цэвэр байх л явдал юм. Даанч өдрөөс өдөр ирэх тусам хурдацтайгаар нүдэн дээр л бүгд өөрчлөгдсөөр байгаа нь харамсалтай.

Сайхныг харж өссөн хүн түүнээ хайрлаж, хамгаалдаг. Багад хөдөөг зориход шууд л голоосоо усаа уучихдаг байсан. Туул голын бохирдол хэмжээнээс хэтэрч, одоо энэ зөвхөн дурсамж болжээ. Гунигтай.

Тал дүүрэн нутагтаа олон сайхан малтай, өвс ургамал ч жигд байж. Өвөг дээдсийн минь нүүдэлчин амьдрал ч байгалиа хамгаалах асар их ухаан байж дээ.

Хөгжил дэвшил сайхан гэх ч хөлд нь байгаль орчин үрэгдсээр л байна. Уул уурхай манай эдийн засгийн номер нэг салбар болчихоод байгаа, өөрчлөгдөх төлөв ойрдоо үгүй  ч гэсэн байгаль орчны нөхөн сэргээлтийг олон жил орхигдуулснаас орон нутгийн иргэд одоо төсөл бүхнийг эсэргүүцдэг болж хувирсан нь тэдний ч буруу биш юм. Магадгүй бид нөхөн сэргээж чадахгүй бол уул, усанд аюултай үйлдвэрлэлээс аль болох хол байх нь зөв юм уу ч гэж хувьдаа боддог.

Манай улсын нийт нутгийн 76.9 хувь нь цөлжсөн. Хүний буруутай ажиллагаанаас шалтгаалахаас гадна дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг улс, орнууд хамтран тэмцэж эхлээд олон жил өнгөрчээ. Гэлээ ч байдал дээрдэхгүй харин ч улам дордсоор байгаа юм. Ийм маягаараа мөхлийн ирмэгт ч хүрч мэднэ.

Тиймээс ч өндөр хөгжилтэй орнууд байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлд багагүй хөрөнгө зарж, энэ чиглэлийн сайхан санал санаачилга, хүчин чармайлтад санхүүжилт өгч байна. COP30 гээд дэлхийн уур амьсгалын асуудлаарх бага хурал энэ өдрүүдэд Амазоны ширэнгэн ойн дэргэд Бразилын Белем хотод болж байгаа. Дэлхийн уушги гэгддэг ширэнгэн ой ч бас уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэцүүхэн байгаа.

COP30 зохион байгуулж буй Бразил улсад очиж байдалтай нь танилцсан зарим орон ихээхэн хэмжээний санхүүжилт ширэнгэн ойг хамгаалахад өгөх юм гэнэ лээ.  Ширэнгэн ойг хамгаалах нь ганцхан Бразилын биш, хүн төрөлхтний асуудал мөн учраас хамгаалагдаж л байвал сайхан хэрэг.

Цөлжилтийн эсрэг бага хурал буюу COP17-г манай улс ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хурлын зохион байгуулалтад зонхилох үүрэг гүйцэтгэдэг. Тэд саяхан манайд ирж ажиллаад бага хурлын бэлтгэл ажил юу болж байна гэж “шалгаад” явсан. Өмнө жил COP16 Саудын Арабад болоход 45 мянга гаруй хүн цугларч, ард түмэн нь бүгдээрээ найрсаг угтан авч, зохион байгуулалт сайхан болсон гэж магтагдсан. Манайх ирэх жил өөрийн нөөц бололцоогоороо 197 улсын 10 мянган хүн эх орондоо хүлээн авна гэж тооцож, бэлтгэлээ базааж байна.

COP17 манай эх орны хувьд маш том “сурталчилгаа” болно. Ирсэн болгон өөрийн дүнгээ тавиад Монгол гэж нэг ийм сайхан орон гээд л бусдадаа түгээн ярих байх гэж найдна. Зочин гийчин ирэхэд элэгсэг ханддаг монгол ёсон бийгээс гадна бид чинь бас нэрээ боддог ард түмэн шүү дээ. Хэдийгээр цөлжилтөд нэрвэгдэж, газрын доройтолд орсон ч онгон дагшин байгаль, үзэсгэлэнт говь, хангайг минь үзсэн харсан гадны жуулчид бүгд гайхан магтдаг. СOP17-ын үеэр газар, цөлжилт, бэлчээрийн асуудал хамгийн их яригдана. Тийм ч учраас хурал зохион байгуулахыг хүссэн улсуудаас цөлжилтөд асар их нэрвэгдсэн манайхыг сонгосон ч биз. Ийм сайхан байгалийг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр дэлхий даяараа анхаарал хандуулна. Мэдээж ганц манай биш дэлхий дахины асуудлыг ярих ч зохион байгуулагч орон давуу эрх эдлэх дүүрэн боломж бий. Дэлхийн дээд түвшний удирдагчид, байгаль орчны чиглэлээр шийдвэр гаргадаг сайд, дарга нар, олон улсын байгууллагынхан  ирэх учир нөхцөл байдлаа сайхан дэлгэж яриад санхүүжилт татмаар байна.

Дарга нар л хуралдах юм байгаа биз гэж бодож байна уу. COP17 иргэдэд нээлттэй. Гэхдээ мэдээж зохион байгуулалт байж таарна. Арав гаруй хоногийн турш өрнөх олон төрлийн  хэлэлцүүлэгт иргэд цахимаар хүсэлтээ өгч бүртгүүлээд биечлэн оролцож, үг, саналаа ч  хэлэх боломжтой юм. НҮБ-ын конвенцын газраас  цахим системээр хүсэлтийг авч хуралд оролцуулна. Хурлын нээлттэй арга хэмжээнүүд англи, монгол хэлний орчуулгатай байх тул зочдод ч, бидэнд ч хэлний бэрхшээл үүсэхгүй. Малчид бэлчээрийн талаар,  тариаланчид газрын доройтол, цөлжилтийн асуудлаар ч юм уу саналаа ярих нь мэдээж. НҮБ-ын хэмжээний хурал улсдаа зохион байгуулах нь ховор тохиолдол учраас оюутнууд, сурагчид зохион байгуулалтад ороод ирвэл сонирхолтой хийгээд өгөөжтэй ч байх.

COP17 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Өөр газар хийхгүй яасан юм бэ гэсэн шүүмжлэл харагдана лээ. Нэлээд эрт шийдэгдсэн энэ асуудлыг бодвол албаныхан тал талаас нь ярилцсан байж таарна, одоо бол уг шийдвэрийг өөрчлөх боломжгүй, НҮБ-тэй аль эрт тохирсон зүйл. COP17-д түр барилга байгууламж  ашиглана. Дараа нь зөөж, борлуулж болох учир эдийн засгийн үр өгөөжтэй гэж үзэж байгаа.

Ундны усны эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж мэднэ гэж зарим иргэн шүүмжилсэн,  ийм нөлөөлөл байхгүй гэж холбогдох албаныхан мэдэгдэд байна. Ер нь  COP хурлуудыг байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөтэй байхаар зохион байгуулах шаардлага албан ёсоор тавигддаг юм билээ.

Байгалийн хүчин зүйлийн өмнө хүн төрөлхтөн мөхөс ч гэлээ дэлхийн дулаарлыг бууруулах, цөлжилтийг багасгах, шар шороон шуургыг устгах, газар нутгаа доройтлоос аврах, бэлчээрээ хамгаалахыг хичээсээр л байна.

Үр хойчдоо үлдээх байгаль эх дэлхийгээ хамгаалах, хөрөнгө оруулахад эх орондоо зохион байгуулж буй COP17 маш том боломж юм.

Баян хангай минь хур бороо, үр өгөөжөө хайрлаарай гэж монголчууд бид залбирдаг. Байгаль эхдээ сайхан сэтгэлээр хандвал, түүнийгээ арчилж тордвол сэргээд л ирнэ гэдэгт итгэдэг дээ. 

                                                                                                                               Р.ГАНПҮРЭВ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 53 минутын өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23