Өнөөдөр Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр. Энэ өдөр Бурхан багш ээждээ зориулж гэгээрлийн сургаал номыг айлдсанаар ээж нь гэгээрлийн хутагт хүрсэн түүхтэй. Хүмүүс энэ өдрийг “Эхийн ачийг хариулах. онцгой өдөр” гэж үзэж, ээжийн ачийг хариулах, ээж аавынхаа ачийг санаж, тэтгэж ирсэн байна.
Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ өдрийг тохиолдуулан лам хуврагууд, сүсэгтэн олонд "Тэгчэн сожон" хүртээнэ. Тэгчэн сожон буюу нэг өдрийн сахилыг сахиснаар хүний сэтгэл ариусаж, буян дэлгэрч, урт нас, элбэг хангалуун амьдралын үндэс тавигддаг гэж үздэг.
Мөн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж МУБИС-ийн оюутан, залууст зориулан “Эцэг эхийн ачийг хариулахуй” сэдвээр айлдвар айлдана. Энэхүү айлдвар нь эцэг эхийн ачийг санах, дурсах, хүндэтгэх, ачлах, буян үйлдэх, сэтгэлийн талархал илэрхийлэх зэрэг үнэ цэнтэй, утга учиртай агуулга юм.
Түүнчлэн энэхүү дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл МУИС-ийн оюутан залуучуудад "Энэрэл нигүүлсэхүй сэтгэл" сэдвээр илтгэл тавина. Энэрэл нигүүлслийн сэтгэл нь бусдын зовлонг ойлгож, сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ханддаг хүний хамгийн үнэт чанар билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна