Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд ЮНЕСКО-ийн Зүүн Азийн төлөөлөгчийн газрын харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн хатагтай Цэн Гинь (Qingyi Zeng) болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга нартай уулзалт хийжээ.
ЮНЕСКО-оос улс орнуудын дижитал шилжилтийн бодлого, хүний нөөцийн чадавх, технологийн бэлэн байдлыг харгалзан үзэж, төрийн байгууллагын ажилтнуудад зориулсан цогц сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна.
Тус хөтөлбөрийг дэлхийн тэргүүлэх боловсролын байгууллагуудын нэг болох Оксфордын их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн албан хаагчид хиймэл оюун ухаан, дижитал технологийг бодлого боловсруулах, үйлчилгээний чанар сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар системтэй мэдлэг, ур чадвар эзэмшихэд чиглэх юм.
Нийт зургаан модуль бүхий энэхүү сургалтын хөтөлбөр нь орчин үеийн цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хиймэл оюуны ёс зүйн хэрэглээ зэрэг өргөн хүрээний сэдвийг хамрах юм.
Хөтөлбөрийг бүрэн судалсан оролцогчид Оксфордын их сургуулийн албан ёсны сертификат авах боломжтой бөгөөд дэлхийн аль ч өнцгөөс үнэ төлбөргүй, онлайн хэлбэрээр суралцах нөхцөлийг бүрдүүлсэн нь түүнийг илүү хүртээмжтэй, тэгш боломжийг дэмжсэн санаачилга болгож байна.
Энэхүү хөтөлбөрийг Кени болон Бразил улсад туршин хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын дижитал чадавхыг нэмэгдүүлэхэд өндөр үр дүн үзүүлсэн бөгөөд одоо бусад улс оронд, тэр дундаа хөгжиж буй орнуудад нутагшуулах ажлыг шат дараатайгаар өрнүүлж байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс цаашид уг хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах, төрийн байгууллагын албан хаагчдын дижитал боловсрол, хиймэл оюуны хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна