НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.
COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр болон дотоодод өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.
БАЙНГЫН ХОРООНД СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар бага хурлын бэлтгэлийн хүрээнд хийж, гүйцэтгэж буй ажлын талаар товч танилцуулгыг 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хийлээ.
Үүнээс зарим зүйлийг онцолвол:
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, Г.Ганбаатар, С.Одонтуяа, Э.Болормаа нар асуулт асууж, санал хэлсэн байна.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗҮҮН ХЭСГИЙН ҮҮСМЭЛ ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдийн бүлэгтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэлээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх есөн төрлийн 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг, зүлэг тохижилтын ажлууд хийж байгаа юм.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ, АМЛАЛТАА АХИУЛАН ШИНЭ ШАТАНД ГАРГАСНАА ЗАРЛАВ
Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын шинэчлэн баталсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” зорилт буюу NDC 3.0-ийн талаар олон улсын түншүүд, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг хамруулсан чуулган 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдлаа.
Чуулганыг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар хэлэх үеэрээ Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах зорилт, авах арга хэмжээгээ шинэчлэн тодорхойлж, үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргасныг зарлав.
Монгол Улс өөрийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөний хүрээнд сонгон авсан нөхцөлт бус арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн нийт ялгарлаа 2035 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад нийтдээ 24,7 сая.тн СО₂-эквивалент буюу 30.3 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолсон.
Мөн газар ашиглалтыг сайжруулж, хөрс бэлчээрийн ургамал болон ойд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг нэмэлтээр 16 хувиар бууруулж, 46.3 хувьд хүргэх нөхцөл бүрдэх боломжийг нэмж тооцсон.
Үүнээс гадна Олон улсын санхүүгийн болон техник технологийн дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлыгбууруулах томоохон нөхцөлт арга хэмжээг холбогдох салбаруудад амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг нийт 52.8 хувиар бууруулах юм гэж тэр онцлов.
COP17 ТҮР БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар COP17 Бага хурлыг зохион байгуулах Түр байгууламж барих төслийн талбайд 2025 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр ажиллав.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга нар Түр байгууламжийн ажлын явцын талаар танилцуулсан байна.
Түр байгууламжийн дэд бүтцийн ажил дууссан бөгөөд барилга байгууламжийн ажлыг ирэх 2026 оны 7 дугаар сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулж, тухайн орчмыг цаашид иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон бүс болгохоор төлөвлөжээ.
Энэ үеэр Б.Батбаатар сайд Үндэсний хорооны зүгээс цаг тухайд нь асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллаж байгаа. Ийм учраас Түр байгууламж барихтай холбоотой олон нийтэд эргэлзээ дагуулсан зарим асуудлаар ил тод мэдээлэл хүргэж ажиллахыг сануулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна