НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.
COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр болон дотоодод өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БАГ МАНАЙ УЛСАД АЖИЛЛАВ
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт таван өдрийн турш ажилласан юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тус багийг хүлээн авч уулзаж, Конвенцын газрын төлөвлөлтийн баг болон монголын төрийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй танилцаад энэ жилдээ багтаан харилцан тохиролцох шаардлагатай асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болгосон. Мөн Талуудын бага хуралд хүүхэд, залуучууд, нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшил зэрэг бүхий л төрлийн оролцогчдыг оролцуулах, тэдний оролцооны санхүүжилтийн ач холбогдлыг илэрхийлсэн бөгөөд конвенцын талаас бүрэн дэмжин ажиллана гэсэн юм.
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д COP17 төслийн талбайд мод тарьж, тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Мөн бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийн төслийн талбайд зочлон, төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцлаа.
- УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан нар Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.10.30/ хүлээн авч уулзсан. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф 17 дугаар Бага хурлын агуулга, төлөвлөлтийн талаар ерөнхий мэдээлэл өгөхийн зэрэгцээ энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой асуудлуудад анхаарч, хамтарч ажиллахыг хүссэн. Тухайлбал, тус хурлын зохион байгуулалтад оролцох үйлчилгээний олон улсын байгууллагыг сонгон шалгаруулах зэрэг ажлуудын талаар холбогдох мэдээлэл өгч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад түр болон суурин байгууламжийн ажлыг ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулсныг дуулгасан юм.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан багийн төлөөлөгчдийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр Төлөвлөлт хариуцсан багийн ахлагч Ражеб Булхаруф СОР17 бага хурлын бэлтгэл хангах үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид төлөвлөгөөний дагуу, товлосон хугацаанд бүх бэлтгэл ажлыг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэсэн байна. Конвенцын газраас COP17 хурлын зохион байгуулалт, харилцаа холбоо, бодлого төлөвлөлт, үйлчилгээ зэрэг бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд удирдлага болоод мэргэжилтнүүдийн түвшинд харилцан уялдаатай ажиллаж хамтын ажиллагааг тогтмолжуулахаа онцолжээ.Харин БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бүх байгууллагууд хамтын хүчээ нэгтгэн, тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад анхаарч буйг онцолсон байна. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт, үр бүтээлтэй хамтран ажиллах нь энэхүү чуулганы амжилтын үндэс болохыг дурдаад COP17 хуралд оролцогчдыг идэвхижүүлэх, зохион байгуулагч орны дэвшүүлэх санал санаачилга, хурлын үр дүнгээр тодорхойлогдох үр дүн зэрэгт онцгой анхаарал хандуулж буйг тэмдэглэсэн.
- COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид Монгол улсад тогтмол ирж дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд ирэх оны гурав болон долдугаар саруудад мэргэжлийн багууд ирж хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Б.БАТБААТАР САЙД ВАШИНГТОНД БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГАНД COP17-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
- АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын байгаль хамгаалах бүлгийн түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар танилцуулга хийх үеэрээ COP 17 бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгчээ. Монгол Улсын зүгээс цөлжилттэй тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай орны хувьд ус–ой–газар гэсэн гурвалсан уялдаатай, үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулсан байна.
- Мөн чуулганы үеэр сайд Б.Батбаатар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жүрген Фёгелетэй уулзалт хийж, COP17-ын бэлтгэл ажлын явц болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллах тухай санал солилцжээ. Дэлхийн банкны зүгээс COP 17 хурлын бэлтгэл ажлыг бүх талаар дэмжихээ илэрхийлж, энэ оны арваннэгдүгээр сард техникийн багийг Улаанбаатар хотод ажиллуулахаа илэрхийлэв.
- Түүнчлэн Б.Батбаатар сайд Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) Гүйцэтгэх захирал Карлос Родригос-той хоёр дахь удаагийн уулзалтаа хийсэн. Энэ үеэр COP17-ын бэлтгэлийг эрчимжүүлэх хүрээнд шийдвэр гаргалт, оролцоог хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
ҮНДЭСНИЙ ДЭД ХОРООДЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ, ЗАРИМ АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатарын өгсөн чиглэлийн дагуу Үндэсний дэд хорооны дарга нарын хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зарлан хуралдуулсан. Хурлын эхэнд Б.Батбаатар сайд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад амжилттай ажиллаад буцсан гэдгийг онцлоод цаашид Үндэсний дэд хороодын ажлын үр дүнг хэлэлцэх хуралдааныг тогтмол зохион байгуулж, хариуцсан ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулсан юм.
Барилга байгууламжийн Дэд хорооноос боловсруулж буй ТЭЗҮ-ийн танилцуулгыг сонсож, зарим Дэд хороо хариуцсан чиг үүргийн хүрээнд ажлын явц, хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллээ Үндэсний хорооны дарга Б.Батбаатарт танилцуулж, холбогдох асуудлаар үүрэг чиглэл авсан.
СЭТГҮҮЛЧДИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Конрад-Аденауэр-Сантай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт үндэсний хэмжээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшиж ажилладаг сэтгүүлчдийн нэгдэл болох “Ногоон пресс” сэтгүүлчдийн клубын гишүүд оролцуулан сургалт зохион байгуулсан байна.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын хүрээнд сэтгүүлчид уур амьсгал, цөлжилт, газрын доройтлын талаарх мэдлэгээ дээшлүүлж, олон улсын чиг хандлагад нийцсэн мэдээлэл түгээх арга зүйд суралцсан юм.
Тухайлбал, СOP17 бага хурлын бэлтгэл ажлын явц болон цаашдын төлөвлөгөө, “COP17 брэндинг” болон “Караван” төсөл, өмнө болсон хурлуудын сайн жишээ, өмнө нь болсон хурлуудын сайн жишээ, тухайн оронд COP хурал явагдахын ач холбогдол, боломж, үр дүн, энэ хурлын үеэр сэтгүүлчид ямар зохион байгуулалттай ажилладаг зэрэг маш хэрэгцээтэй мэдээллийг өгсөн чухал сургалт боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна