Ж.Мишээл Silk Way Star олон улсын уралдааны тавдугаар шатны тэмцээнд "Алтан богдын шил" уртын дууг гайхалтай сайхан дуулж, шүүгчид, үзэгчдийн талархлыг хүлээв. Монгол Улсын Ардын жүжигчин Чүлтэмийн Батсайхан "Алтан богдын шил" дууг морин хуураар эгшиглүүлсэн юм. Ж.Мишээл дөрөвдүгээр шатны дараах дүнгээр 2-т байсан бол оролцогчид ардын дуугаараа өрсөлдсөн тавдугаар шатны дараах дүнгээр нэгд бичигдэж эхэллээ.



Түүний "Алтан богдын шил" дууг дуулсан үзүүлбэрт арван нэгэн шүүгчийн 7 нь хамгийн өндөр буюу 12 оноо, 3 нь 10 оноо, 1 нь 8 оноо өгснөөр нийт 122 оноо авсан юм.
Энэ шатны тэмцээнд Зууны манлай дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа Монгол Улсаа төлөөлж шүүгчээр оролцов. Тэмцээний дүрэм ёсоор шүүгч өөрийн улсын дуучинд оноо өгдөггүй, бусад орны шүүгчид нь үнэлдэг.


Ж.Мишээл энэ онд СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн юм. Гайхамшигт уртын дуу, Ж.Мишээлийн эгшиглэнт хоолойноос гадна үндэсний хувцасны сайхныг шүүгчид магтаж байв. Үндэсний өв соёл болох уртын сайхан дуугаа дуулж, тэмцээний тайзан дээрээс олон нийтэд хүргэсэндээ баяртай буйгаа тэр хөтлөгчийн асуултад хариулах үеэрээ онцолсон.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна