Багш нар ажил хаяхыг нийгмийн олонх дэмжиж байна. Дэмжиж буй нэгэн гол шалтгаан нь цалингийн хуваарилалт нь “хэтэрхий шог” байгаагаас үүдэлтэй. Монголчууд уужуу тайван ч шударга ёсонд дуртай ард түмэн.
Багш нар өнөөдөр 1.5 сая орчим төгрөг гар дээрээ авч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй ч тэнцэхээргүй энэ мөнгөөр өдөр бүр юмны үнэ нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хэрхэн амьдрах вэ. Торны ёроолд хоёр, гуравхан юм шидэхэд л 50-60 мянга давдаг болсон цаг үе шүү дээ.
Амьдралаас тасарсан сайд, дарга нар цалинг 15-20 хувь нэмнэ гэдгээ их зүйл гэж үзээд байх шиг. Гэтэл тэр нь 300 хүрэхгүй мянган төгрөг буюу ойролцоогоор 10 гаруй кг махны л үнэ.
Хувиар тооцоолох биш мөнгөн дүн, хүний амьдралд хэрхэн буух вэ гэдэг талаас хармаар байна.
Цалингийн хуваарилалт яагаад шог вэ гэж үү? Нийгэм даяараа л мэдэж байгаа. Төрийн өмчит компаниуд, бусад зарим салбарынхны гар дээрээ авч буй цалин багш нарынхаас даруй 4-10 дахин өндөр байна.
Хүн болгонд хүрч үйлчилдэг гол салбар багш, эмч нар. Сайн багш, эмч олон байх нь ард түмний амьдралд шууд нөлөөтэй. Бусад аль ч салбар боловсрол, эрүүл мэнд шиг хүний амьдралд шууд хамаатай биш.
Биднийг багад хүүхдүүдийн хамгийн их хүсдэг мэргэжлийн нэг багш байлаа. Харин одоо ачаалал ихтэй, авах цалин багатай энэ ажлыг сонирхох, сонгох нь улам багасаж байна. Багшийн сул орон тоо хэдэн зуугаараа байгаа ч очих хүн үгүй болохоор өөр мэргэжлийн хүмүүсийг түр курсээр ч болов бэлтгээд ажиллуулъя ч гэж үзэв.
Багш нарын цалинг нэмэхэд 3.3 их наяд төгрөг хэрэгтэй гэнэ. Нийгэм даяар бичээд байгаа манай дарга нарын идэж уусан мөнгөний хажууд бүх багш нарт зориулна гэж харвал бага юм биш үү дээ. Шударга ёс, тэгш байдал байхгүй учраас л хүмүүс ингэж их бухимдаад байгааг ойлгож байна уу, үгүй юу. Эсрэгцүүлээд сургалт, кофе, цайны зардлын талаар зарим гишүүд ярьж байна. Манай эх орон форум, сургалт, хэлэлцүүлгийн орон болоод удсан. Ирээдүйд чиглэсэн том том зүйл ярьсан форум, хэлэлцүүлгүүд Төрийн ордноосоо эхлээд хамгийн цэлгэр танхимтай газруудад болж, зангиа шахаж, дээгүүр харсан дарга нар гоё үг хэлэн гүйлддэг нь “моод” шахуу болжээ. Төсвийн мөнгөөр хоол идэж, бас тортой ном товхимол “бэлэглэдэг” энэ хурлуудын үр дүн ямар байгааг тооцсон мэдээлсэн зүйл одоогоор алга. Хэлдэг гурав хийдэг ганц гэгчээр ярих нь ихдээд үр дүн нь багадаад байна уу гэлтэй. Хөрсөн дээрээ буумаар байна аа, бүгдээрээ.
Сургалт гэж бас нэг зүйл байна. Мэдээж хөгжих нь зөв ч гэлээ төрийн байгууллагууд ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй атал ажлын цагаар сургалт явуулаад байх нь хэр зохистойг хэлж мэдэхгүй. Сурч боловсроод алаад байна уу гэхээр үйлчлэх ёстой ард түмэн нь муу дүн тавиад байдаг. Эцсийн үр дүнгүй энэ төрийн байгууллагын сургалтуудынхаа зардлыг танаад харин жинхэнэ сургалт явуулдаг сургуулийнхаа багш нарын цалинг нэм.
Ер нь бид сайжирч байна, судалж байна гэх мэт яриагаа тодорхой түвшинд жаахан хазаарлах цаг болжээ. Судлаад л байдаг, хэрэгжээд болоод байгаа юм ард түмний нүдэнд харагдаж, амьдралд мэдрэгдэхгүй байна. Сууж л болж байвал төрийнхний ширээ сандал, ашиглаж болж байвал техник хэрэгслийг битгий соль. Гадаад, дотоод томилолтоо хязгаарла. Энэ мэтээр бүх зардлаа танаад багш нарынхаа цалинг нэмж, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ оюунд хөрөнгө оруулахад ард түмэн алга ташин хүлээж авахаар байна.
Цалингийн хуваарилалт яагаад шог вэ гэж үү?
Цалин хөлсний нэгдсэн бодлого гэж манай улсад байхгүй болоод удсан. Салбар бүрийн цалин өөр. Төсвийн захирагч нарын дунд хэн нь илүү мөнгө салбартаа тавиулах вэ гэдэг уралдаан явж байна. Хуульд өөрчлөлт оруулаад л гэнэт нэгнийх нь цалин нэмэгдчихдэг тогтолцоо бий болсоор удлаа. Багш нар олон учраас боловсролын салбарын цалинг нэмэх нь төсөвт хүндрэл учруулна гэж боддогоос ч болсон уу өдийг хүртэл дорвитой нэмээгүй нь улс орон даяар ажил хаялтад хүргэж байна.
Сангийн яам нь цалинг олон хуулиар нэмчихсэн, өөр өөр байна гэж яриад байгаа ч үүнийг өөрчлөх талаар бодлогын алхам хийхгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа атлаа төрийн албан хаагчдынх нь цалин бүр байгууллага дотроо ч нууц ч байх шиг. Худал хуурмаг аргаар аваагүй бол тэр цалинг нуух ямар шаардлага байна.
Саяхан даа, төрийн өмчит компанийн захирлын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг гээд л баахан шуугив. Хэрэгтэй цагт нь гаргаж ирж шуугиулдаг зүйл өмнө нь ч байсан. Одоо харин төрийн албан хаагчдын цалинг ил байлгая. Гүйцэтгэлийн тайлан, үнэлгээтэйгээ хамт ил тавьчих. Хөрөнгө орлогын мэдүүлгээр тайлагнадаг л юм чинь үүнд нуугаад байх зүйл үгүй. Тэгээд багш нарынхаа цалинтай харьцуулж харъя. Сэтгэлгээгээ өөрчилье. Хүний амьдралд хамгийн хэрэгцээтэй салбарт өндөр цалин гэдэг бодлого барья.
Засгийн газар төсвөө ард түмнээс асууж байгаа бол энэ салбар ийм орчим цалин авдаг гэдгийг татвар төлөгчид нь мэдэж л байг. Нууц мэдээлэл биш юм чинь. Тэгээд өөрт хамгийн хэрэгтэй салбартаа цалин нэмэхийг дэмжиж саналаа өгөх эрх нь ард түмэнд байг. Өнөөдөр багш, эмч нар, маргааш хэн нь ч юм бидний цалин бага гэхэд төрийн албан хаагчдын авдаг цалин, хийдэг ажил ил байх нь төрд өөрт нь ч хэрэгтэй байх.
Сайд дарга нар минь 10, 20 хувь гэж ярьж, тэрийгээ их гэж ойлгуулах гэж хичээгээд ч ард түмэн өөрөөр харж байна гэдгийг ухаарах хэрэгтэй байна. Цалин хөлсний хуваарилалтаа сууриар нь бүхэлд нь эргэж харж, тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийх цаг болжээ.
Г.ЭРХЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна