Кино урлагийн зөвлөлийн Ажлын алба 17 дахь удаагийн Улаанбаатар Олон Улсын кино наадмын хүрээнд 2026 оны Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх Европын кино маркетад “Монгол кино төслүүд” арга хэмжээнд танилцуулагдах кино төслүүдийг сонгон шалгаруулжээ.
Эхний шатны сонгон шалгаруулалтаас 8 төсөл эцсийн шатанд Улаанбаатар Олон Улсын кино наадмын “Монгол кино төслүүд танилцуулах” үйл ажиллагаанд оролцож, өөрсдийн төслөө кино наадмын олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулсан байна.

Шүүгчдийн үнэлгээний үндсэн дээр дараах төслүүдийг шалгаруулжээ.
• Тэргүүн байр – Давс үүрсэн 40 жил \Баримтат кино\
• Онцлох кино төсөл
-Тарвас \Продюсер Г.Түвшинсайхан/
-Шонхор \Продюсер Б.Наранбат/
-Шар хөвийн зэрэглээ /Продюсер Ч.Гэрлээ/
Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч Д.Чанцалдуламын бүтээл “Давс үүрсэн 40 жил” баримтат кинонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 56 км зайд байрлах Дунд голын давсны ордоос 40 гаруй жил давс олборлож буй дөрвөн өндөр настны тухай кинонд өгүүлдэг юм.
Шалгарсан уран бүтээлчид Берлиний олон улсын кино наадмын (Berlinale) дэргэдэх Европын кино маркетад (European Film Market, EFM)- оролцоход Кино урлагийн зөвлөлөөс дэмжлэг үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна