УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, Цагдаагийн ерөнхий газраас ирсэн бичгийг дэлгэлээ.
Тэрбээр хүн амины онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн учраас ЦЕГ-т хүсэлт гаргасан. Мөн Хууль зүйн дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт хүсэлт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Л.Мөнхбаатар сайдыг сольсон байж магадгүй гэж ярив.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралд цагдаагийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг өгөх байсан ч намайг гүтгэж буй хүмүүс болон гүйцэтгэх засаглалын зүгээс бойкот хийж хуралдуулсангүй гээд бичгийг танилцуулсан юм.
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очироос ирүүлсэн тус бичигт 2015 оны 2 дугаар сарын 12-нд ХБНГУ-ын иргэн Н.Хасбатар нас барсан мэдээлэлд Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсийн Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 3 дугаар сарын 2-ны өдөр гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг мэдэгдсэн байна.

Д.Амарбаясгалан мөн Ардчилсан намын хуралд орж тайлбар өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг 2 жилийн турш нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаар шагнуулж байгааг ард түмэн тэр аяараа харж авсан гэж мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ, Ерөнхийлөгчид танилцуулалгүй Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буйгаа ч мэдээллийнхээ үеэр хэлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна