НҮБ-ын Хүүхдийн Сангаас нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн аппаратыг Монголд анх удаа оруулж ирж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүлээлгэн өглөө.
Монголд жил бүр 67,000 гаруй хүүхэд мэндэлдэг ч дэвшилтэт шинжилгээний багаж хэрэгслийн хүртээмж бага байдгаас олон мянган нярай эрсдэлд ордог. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож оношлогдсоны улмаас урьдчилан сэргийлж болох насан туршийн хүндрэлд орсныг судалгаа харуулж байна. Тандем масс спектрометри хэмээх энэ технологи нь дөнгөж төрсөн хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэг илрүүлэх өндөр нарийвчлалтай юм. Эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэн оношилж, эрт эмчилж чадсанаар хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох, бүр цаашлаад амь насаа алдахаас ч сэргийлэх боломжтой.
Тус төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэнд, хөгжлийн Элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын Гала арга хэмжээний үеэр босгосон юм. Нийт 17 компаниас өргөсөн хандивын ачаар энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмжийг оруулж ирэх боломж бүрдсэн.

“Монгол Улсад эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сангаас тасралтгүй хэрэгжүүлж буй олон ажлуудын нэг хэсэг нь энэ оношилгооны төхөөрөмж юм. Нярайн оношилгооны хувьд шинэ үе эхэлж байна гэж хэлж болно. Мөн хувийн хэвшлүүд хүчээ нэгтгэж чадвал хүүхдийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулах боломжтойг харуулсан сайн жишиг боллоо” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна