Дэлхийн "Зүрхний өдөр"-ийг “Зүрхний цохилт бүрээ тогтмол хянацгаая” уриан дор өчигдөр /2025.09.29/ тэмдэглэн өнгөрүүлжээ.
Монгол Улсад зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.
Эрүүл мэндийн үзүүлэлтээр 2024 онд улсын хэмжээнд зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 62.2 хувь нь эрэгтэйчүүд, 37.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.
Зүрх судасны өвчнөөр нас барсан эрэгтэйчүүдийн 90.8 хувь нь 45-аас дээш, эмэгтэйчүүдийн 87.2 хувь нь 55-аас дээш настай байна.
Судалгааны дүнгээр цусны даралт ихсэлттэй 2 хүн тутмын нэг нь эмч, эмнэлгийн ажилтны зөвлөсний дагуу эмээ ууж байгаа гэж гарчээ.
Нийт хүн амын 14.9 хувь нь артерийн даралтаа тогтмол хянадаг бол үлдсэн 85.1 хувь нь даралтаа хянаж чаддаггүй байна. Хөдөө амьдардаг хүмүүсийн 82.5 хувь, хотын иргэдийн 82.1 хувь нь даралт бууруулах эм огт хэрэглэдэггүй бөгөөд хянагддаггүй цусны даралт ихсэлттэй хүн амын тархалт их байгаа аж.
Дараах энгийн алхамуудыг хийж зүрх, судасны өвчлөлөөс сэргийлээрэй.
- Цусны даралтаа тогтмол хэмжих
- Тамхинаас татгалзах
- Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Давсны хэрэглээгээ бууруулах
- Жимс, хүнсний ногоо тогтмол хэрэглэх
- Ханасан өөх тос хэрэглэхээс зайлсхийх
- Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна