Монголын Гуру Медиа компани Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-тэй хамтран бүтээсэн "Чоно үүр шөнөөр ирдэг" кино БНХАУ-ын Фужоу хотноо болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас Golden Silk Road Шилдэг баримтат кино шагналыг хүртлээ.
Тус наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс баримтат киноны төрөлд зуу гаруй бүтээл өрсөлдсөн байна.
Кино багийг төлөөлж гол баатруудыг 2 жил дамнан хайж мэргэн “олсон” сэтгүүлч, хамтрагч продюсер Д.Доржпагма, Гуру Медиа продюсер Ц.Ариунаа нар уг наадамд оролцож, шагналаа гардан авчээ.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, мянга мянга жил оршсоор ирсэн нүүдэлчин ахуй, соёл маань уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод өртөж, дасан зохицох, тэсэж давах “дотоод дархлаагаа” хэрхэн хайж байгаа эгэл түүхийг өгүүлсэн эл киног Австрали улс Оскарын шагналд нэр дэвшүүлээд байгаа юм.
"Чоно үүр шөнөөр ирдэг" киног ирэх аравдугаар сараас Univision, DDish, Look TV болон VOO сувгаар үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна